Малын эмнэлгийн гэрчилгээ цахимжлаа
МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж, малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдэлдээ авч, босоо тогтолцоотой Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан бөгөөд тус газраас Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт малын эрүүл мэнд” төслөөр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг энэ оны 05 дугаар сараас орон даяар хэрэгжүүлж эхлээд байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4.2 “нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх тухай” хуульчлан заажээ. Өмнө нь мал эмнэлгийн эмч нар, багийн дарга нар нь мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгохдоо бүртгэл судалгаа байхгүй, мөнгөний баримт хэлбэрээр бичдэг байсан нь шилжилт хөдөлгөөн хийх, мал төхөөрөх гарал үүслийг тогтоож эрүүл хүнс бэлтгэж, түгээх, хяналт тавихад хүндрэлтэй байсныг доорх системд оруулж хяналт тавих байдлаар шийдвэрлэжээ.
Мал эмнэлгийн гэрчилгээний хяналтын систем
Энэхүү системээс харахад сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар интернет сүлжээг ашиглан ажлын компьютер болон гар утсандаа аплекейшн суулгаад хяналт тавих боломжтой. Мал эмнэлгийн гэрчилгээний хяналтын системийг нэвтрүүлснээр цагдаагийн эрх бүхий алба хаагч өөрийн харьяалах нутаг дэвсгэрт хяналт тогтоож малчны хотноос гарч, орж байгаа малыг хянах, тээвэрлэж байгаа болон тууварлаж байгаа малыг очих газрыг хүртэл хяналт тавих боломжтой.
Мал эмнэлгийн гэрчилгээ нь зөвшөөрөл олгосон малын эмчийн нэр, малчны нэр хаяг, малын нас, зүс, хүйс, хүрэх газрын мэдээлэл зэргийг харах боломжтой тул хүнсний эрүүл ахуй, аюулгүй талаас болон хулгайгаас урьдчилан сэргийлэх хяналт тавихад тохиромжтой ажээ.
Мал тоологч төхөөрөмж
Хяналтын төхөөрөмж нь авто замын постуудад ажиллаж байгаа алба хаагч авто машинд ачигдсан болон тууварлагдан ирж байгаа малыг тоолох бөгөөд гэрчилгээгүй малын тоог гаргах боломжтой юм байна.
Бар кодоор гарал үүслийг гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хянах
ХХААХҮЯ-аас олгодог малын “бар” кодоор дамжуулан дэлгүүр, зах, худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа махны гарал үүслийн талаарх мэдээллийг харах давуу талтай байна.