БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын албаны Хар тамхитай тэмцэх газрын гадаад харилцааны ахлах зохицуулагч Парк Жай, гадаад харилцааны зохицуулагч Парк Жозеф, “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж”-ийн төслийн менежер Ким Ярим нарыг хүлээн авч уулзах арга хэмжээ өнөөдөр /2023.04.20/ Цагдаагийн ерөнхий газарт боллоо. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нар оролцлоо.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж буй мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал /каннабис/-ыг устгах оновчтой аргыг судлан тогтоох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, техник, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Цаашид БНСУ-ын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” /Official Development Assistance-ODA/-аас санхүүжих, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийг 2023-2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлэхээр болов.
Эх сурвалж: https://police.gov.mn/