• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Б.ЖАРГАЛСАЙХАН: НАМАЙГ ОЧИХОД МӨРГҮҮЛСЭН ИРГЭНИЙ ЗҮРХ ЗОГССОН БАЙСАН

2021-12-12
Б.ЖАРГАЛСАЙХАН: НАМАЙГ ОЧИХОД МӨРГҮҮЛСЭН ИРГЭНИЙ ЗҮРХ ЗОГССОН БАЙСАН

Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн, замын зохицуулагч, дэд ахлагч Б. Жаргалсайхан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ автомашинд мөргүүлж, ухаан алдсан хүнд амжиж анхны тусламж үзүүлснээр амь насыг нь авран хамгаалжээ.

Тодруулбал өчигдөр /2021.12.09/ Нисэхийн автобусны буудал дээр Приус-10 маркийн автомашин гарцгүй газраар явганаар зорчсон иргэнийг мөргөсөн байна. Тухайн иргэний зүрх хэсэг хугацаанд зогсож, ухаангүй болсон үед Б.Жаргалсайхан анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргүүлснээр амийг нь аварчээ. Бид иргэний алтан амийг аварч, баатарлаг үйл хийсэн цагдаагийн албан хаагчтай утсаар холбогдож, товч ярилцлаа.

ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙЖ, ЗҮРХ НЬ ЭРГЭЭД ЦОХИЛЖ ЭХЭЛСЭН

Юуны өмнө иргэний амийг аварсанд тань талархал илэрхийлье. Та тухайн үед юу болсныг хэлж өгөөч?

Би өөрийн хийх ёстой зүйлийг л хийсэн. Өчигдөр орой 19:00 цагийн үед Нисэхийн автобусны буудал орчим явган зорчигч, автомашинд мөргүүлсэн осол гарсан. Намайг очиход, тухайн иргэний зүрх зогссон, амьсгалахгүй байсан. Тиймээс хиймэл амьсгал хийж, зүрх нь эргээд цохилж эхэлсэн. Харин ухаан орсныхоо дараа зүүн талаараа таталт өгч эхэлсэн. Би ойролцоох эмийн сан руу гүйж спирттэй хөвөн авчирч, жор баригчийн тусламжтай иргэн тусалсан.

Таныг очиход иргэний биеийн байдал ямар байсан бэ?

Ухаангүй, зүрх нь түр зогссон байдалтай байсан.

Та урьд нь иргэнд хиймэл амьсгал хийж байв уу. Хаанаас сурсан бэ?

Урьд нь ийм зүйлтэй учирч байгаагүй. Манай Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс 14 хоног тутам албан хаагчиддаа анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх хичээл заадаг.

Анх удаа ийм зүйлтэй учирсан учир сандарсан уу. Та албандаа ороод хэр удаж байна вэ?

Урьд нь сургалт авсан учир айж, сандрах зүйл байгаагүй ээ. Би албандаа ороод нэг жил найман сар болж байна.

МӨРГҮҮЛСЭН ЗОРЧИГЧ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ЗАМ РУУ ГҮЙСЭН НЬ ТОГТООГДСОН

Таныг иргэнд тусламж үзүүлснээс хойш хэр хугацааны дараа тусламж ирсэн бэ?

30-иад минутын дараа түргэн тусламж ирсэн.

Тухайн осол хэний буруу вэ?

Ослын үеийн замын хяналтын камерын бичлэг шалгахад 40-45 насны согтуу иргэн, гарцгүй газраар зам руу гэнэт гарч мөргүүлсэн нь тогтоогдсон. Одоо хэргийг шалгаж байна.

Таны тухай мэдээлэл, зураг цахимд түгсэнийг хараад ямар санагдсан бэ?

Өнгөрсөн шөнө хоёр цагийн үед найзууд залгаж хэлсэн. Би одоо л ээлжнээсээ бууж байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: eguur.mn