ЦАГДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж буй Цагдаагийн дээд хэмжээний олон улсын чуулга уулзалтад оролцож байна.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цагдаагийн Албаны дарга, Энхийг дэмжих ажиллагааны Нарийн бичгийн даргын Цагдаагийн асуудал хариуцсан зөвлөх, цагдаагийн комиссар Луи Карилио, Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын Цагдаагийн Албаны дарга Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж алба хаагчдаа илгээж байгаад талархал илэрхийлсэн юм. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын зүгээс цаашид цагдаа хандивлагч орны хувиар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа дахь оролцоогоо нэмэгдүүлж Цагдаагийн баг илгээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Мөн Бүгд Найрамдах Турк, Арабын Нэгдсэн Эмират Улсын цагдаагийн байгууллагын удирдлагатай хийсэн уулзалтаар хоёр орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тэргүүн туршлага солилцох, чиглэл хариуцсан нэгж хооронд харилцаа тогтоох, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Эх сурвалж:https://police.gov.mn/