БОГД УУЛАНД БАГА НАСНЫ 2 ХҮҮХЭДТЭЙ ТӨӨРСӨН ЭМЭГТЭЙГ “WHAT3WORDS БУЮУ 3 ҮГТ ХАЯГ”-ИЙН ТУСЛАМЖТАЙ ОЛЛОО
Өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тус албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага энэхүү “3 үгт хаяг”-ийг энэ оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж байна. Тухайлбал: Энэ сарын 09-ний өдрийн 15:10 цагт тус төвийн “105” тусгай дугаарын утсанд “Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3 настай, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 09 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай...” гэх дуудлага ирсэн. Дээрх төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, “Нүхт”-ийн ам руу буулгасан.
Мөн энэ сарын 11-ний өдрийн 00:40 цагт тус төвийн “102” тусгай дугаарын утсанд “Шарга морьтоос хойшоо нэлээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна. Би маш их айж байна. Зуслангийн байшингуудын дунд, харанхуйд байршлаа мэдэхгүй байна. Утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай...” гэх дуудлагыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар байршлыг тодорхойлж, олж очин, тусламж үзүүлж, үйлдлийг таслан зогсоожээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. “3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, шинэлэг хаягжилтын технологи юм. “3 үгт хаяг”-ийн “what3words” программыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтой.