ЦАГДААГИЙН ХОШУУЧ М.УРАНЦЭЦЭГ "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ЦОЛООР ШАГНАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэг "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цол, тэмдгээр шагнагдлаа. “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цагдаагийн хошууч М.Уранцэцэгт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр /2021.11.11/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа болон алба хаагчид оролцсон юм.
"Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цагдаагийн хошууч М.Уранцэцэг нь 2015 оноос Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2012-2021 оны хугацаанд Олимпын наадамд 5, 7 дугаар байр, Дэлхийн аварга шалгаруулах болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Оюутны Их наадам, Дэлхийн цомын тэмцээн, Мастерууд ангилал, Гран при тэмцээнээс 22 алт, 16 мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн Дэлхийд чансаагаараа Жүдо бөхийн эмэгтэй тамирчдын -48 кг-ын жинд 4 дүгээр байранд эрэмбэлэгдсэнээс гадна 2020 онд “Гиннесийн ном”-нд бүртгэгдсэн. Унгарын нийслэл Будапешт хотноо энэ онд зохион байгуулагдсан “Жүдо бөх”-ийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж, Монголын “Жүдо бөх”-ийн тамирчдаас дэлхийн аваргын 4 дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин болсон бөгөөд 2021 онд зохион байгуулагдсан “Токио-2020” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
"Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цагдаагийн хошууч М.Уранцэцэг таны цаашдын ажил хөдөлмөр, спортод өндөр амжилт хүсье!
Эх сурвалж:https://police.gov.mn/