• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“WHAT3WORDS” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2021-04-13
“WHAT3WORDS” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Өөрийн хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэнээс яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золбоо нар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулснаар, “3 үгт хаяг”-ийн аргачлалыг яаралтай тусламжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр боллоо.

“3 үгт хаяг” /what3words/ гэдэг нь дэлхийн гадаргын 3 метр кв тутмыг 3 үгээр оноосон хаяг ба өөрөөр хэлбэл “уртрагийн " E106 51' 10.135", өргөргийн N47°11' 5.645” гэсэн солбицлыг “морь, уул, үнэнч” гэх мэт хоорондоо хамааралгүй 3 үгээр төлөөлүүлсэн гэж ойлгож болох юм.

“What3words” программын байршил тодорхойлж буй аргачлал нь дуудлага өгч буй иргэн өөрийн ухаалаг утсанд суулгасан “What3words” программ, эсвэл цахим хуудас руу хандан гарч ирсэн 3 үгийг мэдээлэл хүлээн авагчид хэлэхэд 3 метр кв-ын нарийвчлалтайгаар байршлыг тодорхойлох боломжтой байдаг.

Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын хаягжилт хангалтгүй, иргэдийн хаяг, байршлын мэдлэг дутмаг, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, барилга байгууламж нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас  тусгай дугаарын 101, 102, 103, 105 утаст гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл өгч буй иргэдийн 5 орчим хувь нь өөрийн байршлаа мэддэггүйгээс яаралтай тусламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн төв суурин газраас зайтай байгаа иргэн уул, ус, орчны баримжаагаар дуудлага, мэдээлэл өгдгөөс шалтгаалж дуудлагын дагуу тухайн хаяг дээр шуурхай очиход хүндрэлтэй байдаг.

Иймээс дээрх “3 үгт хаяг”-ийн аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Монгол Улсын яаралтай тусламжийн үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллагад яаралтай тусламжийн дуудлага өгч буй иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааг түргэвчлэх, хаяг байршлаа мэдэхгүй эсвэл хаяг байршлаа тодорхойлж хэлэх боломжгүй нөхцөл байдалд орсон иргэний байршлыг цаг алдалгүй тогтоох боломж нэмэгдэх юм.