• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

БУУРАЛ ДУРСАМЖ

2020-10-01
БУУРАЛ ДУРСАМЖ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Ахмадын холбоо”-ны 30 жилийн ойд зориуллаа.

Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлаа хайрлаж, хүндэтгэнэ гэдэг юутай сайхан бэ? Цэргийн алба хааснаас хойш цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 31 жил ажилласан бэлтгэл дэд хурандаа Дэчингомбын Батбаасан ийнхүү дурсамжаа хуваалцсан юм.

Ямар ч хэрэг, зөрчлийг бага гэлтгүй хуулиндаа нийцүүлж шалгаж байх хэрэгтэй.

Одоогоос 35 жилийн өмнө буюу 1985 он. Тухайн үед бүх л сэргийлэгч 23 цагт эргүүлээс бууж албаныхаа “66”-аар хүргүүлдэг байв. Аз таараад Баянзүрх талаасаа явж эхний алба хаагчаа буулгавал би шөнийн 1 цагийн үед гэрийнхээ харалдаа бууна, Толгойт талаасаа хүргэж эхлэвэл 3 цагт буух нь тэр.

Есдүгээр сарын дунд үе. Нар, хур тэгширсэн намрын налгар орой эргүүлээс буугаад шөнийн 1 цаг орчимд харих гээд алхаж байв. Гудамж тойроод явтал нэг залуу юм үүрчихсэн явж байна. Зүгээр явж чадсангүй, "энэ хар шөнө юу үүрээд явж байдаг юм бол гэж бодоод “Амрыг эрье” гэтэл эргэж хараад л шууд гүйгээд явчихав. Араас нь гүйлээ. Өдөр нь бороо орчихсон байсан тул тэрүүгээр нэг шавар, шалбааг. За тэр хувцас хунар, өмд гутал яахав, нөгөөхөө элдэж хөөсөөр барьж авлаа.

Тэр үед ямар гав, бороохой, гэх мэт тусгай хэрэгсэл байх биш улаан гараараа л үзнэ шүү дээ.

Төрийн хүн гэсэндээ чирж, гулдчин ойролцоох сэргийлэхэд очтол “Хүүе Баагий танайд хулгай орлоо гээд сая бүрэлдэхүүн явсан гэв”. Өнөөх сэжигтэнээ сэргийлэхийн цагдаад хүлээлгэж өгөөд гэрлүүгээ гүйлээ.

“За тэгээд тэр үеийн залуу гэр бүлд үнэтэй цайтай, чамин содон юм юу байхав. Гэхдээ хүнд хэрэггүй юм гэж бас юу байх билээ. Хоёр эрээн авдар, 200-ын ор хоёр ширхэг, хувцас, гал тогооны шкаф л байв. Хамгийн их санаа зовоосон зүйл тогоо шиг гэдэстэй эхнэр минь”

Гүйсээр очиход бүрэлдэхүүн яг л хөдөлж байна шүү. За Баагий чи өглөө сэргийлэх дээр хүрээд ирээрэй гэв.

Хулгайлсан юм нь энэ их сонин. Эхнэрийн ээмэг зүүлт, орны бүтээлэг, хөгжим зэрэг ойр зуурын өнгөтэй өөдтэй юм. Хамгийн харамссан зүйл нь бид нарын нандигнатал хадгалдаг хаа нэг баяр ёслол, жагсаалын үзлэгээр өмсдөг “китель” л байлаа. За тэгээд эхнэрээ, өөрийгөө тайвшруулаад унтлаа.

 

Өглөө нь Найрамдлын сэргийлэх дээр очлоо. Баагий нөгөө өчигдрийн сэжигтэн чинь Улаанбаатар хотод 36 удаагийн үйлдэлтэй хэрэгтэн байсан байна гэж билээ.

Тэгсэн нөгөө эр манайхыг ухсан байх юм. Хүн гэдэг их сонин. Тухайн үед энэ хүн хулгай хийж  л гэж бодохоос манайхыг ухсан байна гэж яахан мэдэх билээ?

Энэ албанд гар, бие, сэтгэлээ зориулсан бол ямар ч зүйлийг бага гэлтгүй л шалгаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм шүү дээ.