ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНИЙ ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдийг томилсон.
Өнөөдөр /2020.08.31/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа Ж. Болд, Э.Түвшинжаргал нар тангарагаа өргөлөө. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурсан юм.
Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байна гэж хэлэв.