“ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ЦАХИМ НЭЭЛТ БОЛЛОО
Цагдаа, дотоодын алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хэрэгжүүлэх “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээний цахим нээлтийн ажиллагаа өнөөдөр /2020.08.27/ Цагдаагийн ерөнхий газрын төв байрны хурлын танхимд боллоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, “Юнител” ХХК болон боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран ажиллах бөгөөд алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачилгыг дэмжиж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангахад уг арга хэмжээний зорилго чиглэгдэж байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, “Юнител” ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин нар болон төв, орон нутгийн цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид, хүний эрхийн ажилтнууд онлайнаар оролцов.
“Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээ хэрэгжих хугацаанд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээж, идэвхжүүлэхэд чиглэсэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх, алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх болон хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенц, хүний эрхийг хангахтай холбогдсон тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулах, хамтарсан шалгалт хийх зэрэг тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Юнител” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд арга хэмжээг зохион байгуулж буй Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албатай хамтран ажиллаж, техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлсний дагуу хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.