• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ДОКТОР, ПРОФЕССОР Б.ОЮУНЧИМЭГ: ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЖ БАЙЖ ЭРХЭЭ ЭДЭЛЖ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА

2020-05-25
ДОКТОР, ПРОФЕССОР Б.ОЮУНЧИМЭГ: ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЖ БАЙЖ ЭРХЭЭ ЭДЭЛЖ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА

Хүн төрөлхтний нийгмийн харилцаанд томоохон үүрэг, гүйцэтгэдэг зүйл бол үүрэг хариуцлага. Үүрэг, хариуцлага хоёрыг салгаж боломгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт. Үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой зүйл нь эрх, эрх чөлөө юм.

“Үүргээ биелүүлэхдээ баяр хөөрийг амсч буй хүн л жинхэнэ эрх чөлөөтэй амьдарч байгаа хүн” гэж Цицерон хэлсэн бол “Эрх чөлөө нь нэг талаар бие даан шийдвэр гаргах боломж, нөгөө талаар бие даан үйл ажиллагаа явуулах болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргийг агуулна” хэмээн Ханс-Петер Репник тодорхойлсон байдаг. Хүний эрх нь эрх чөлөөтэй нягт холбогдож байж өөрийн мөн чанараараа илэрхийлдэг. Хүний эрх эрх чөлөөгүйгээр, эрх чөлөө эрхгүйгээр байх боломжгүй. Эрх, эрх чөлөө хил хязгаар хэмжээтэй. “Эрх чөлөөнд хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэнэ үгүй” гэж энэ талаар Гегель хэлж байж. Эрх чөлөөний хэмжээ хязгаарыг мэддэггүй, түүнийг үнэлж ойлгож чаддаггүй хэн боловч эрх чөлөөтэй байж эс чадна. Хүний бүх эрх нь түгээмэл, хуваагдашгүй, бие даасан байхын зэрэгцээ харилцан хамааралтай, аль нэг нь хэрэгжихгүйгээр бусад нь хэрэгжих боломжгүй байдаг нь хүний эрх, эрх чөлөөг адил тэгш үзэж хандах шаардлагатайг харуулдаг.

Эрх, үүрэг, хариуцлага гурав хүнтэй хамт эхээс мэндэлдэг. Эл гурав нь эн тэнцүү хэмжээтэйгээс гадна, хоорондоо шүтэн барилдаатайгаар хувьсан оршдог зүйлс бөгөөд хүний нийгэм эрүүл оршин тогтнох үндэс юм. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүний эрх, үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Үүрэг нь бусдын, нийгмийн, өөрийнхөө өмнө хүлээх хувь хүний хариуцлагын ухамсрын мөн чанарыг илэрхийлдэг ойлголт юм. Үүрэг ёс суртахууны, эрхийн гэсэн хоёр янз. Иргэний үндсэн үүргийг хүний ухамсар, мөс чанарт үндэслэсэн, хууль эрх зүйн ба ёс суртахууны гэсэн хоёр талтай “журамт үүрэг”-ийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.

Ёс суртахууны үүрэг нь бие хүний дотоод болон гадаад эрх чөлөөний нэгдэл юм. Ёс суртахууны үүрэг ухамсарлагдсан үүрэг байдаг бол эрхийн үүрэг албадлагын шинжтэй. Мууг эсэргүүцэх, сайныг эрхэмлэх ёс суртахууны чин эрмэлзлэлээс үүдэн гарч байгаа бүхнийг зайлшгүй биелүүлэхийг үүрэг гэж ойлгоно. Үүрэг хүлээнэ гэдэг нь ёс журам сахих явдал юм. Ёс журам сахих үүргийг баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүр хүлээдэг. Эмэгтэйчүүдийн хүлээх уламжлалт үүргийг орчин цагт тохирохгүй, хоцрогдсон гэж үзэх болоод байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүний нийгэмд адилхан үнэ цэнэтэй бодгалиуд ч тус тусын үүрэг, хариуцлагатай. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үүрэг нь зохиомол зүйл биш, харин хүн төрөлхтөнд байгалиас хуваарилан ногдуулсан үүрэг. Иймд эмэгтэй, эрэгтэй хэн боловч эл үүргийг жам ёсны хууль гэж ойлгууштай. Эмэгтэй хүнд эхнэр байх, эх байх, гэрийн эзэгтэй байх үүрэг ногддог бол эрэгтэй хүн гэр бүлийн тэргүүн байх, түүнийг удирдан толгойлох, хамгаалах, хангагч байх үүрэг хүлээдэг. Үүргийн энэ хуваарь нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяагдсан ялгаанд үндэслэгдэж байгаа юм. Үүнийг хэн ч, хэзээ ч өөрчилж, үгүйсгэж чадахгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг нь арга, билгийн шинжтэй, цоож, түлхүүртэй адил зүйл. Цоожийг түүнд таарах ганц түлхүүрээр л онгойлгоно, өөр хэд хэчнээн түлхүүр байгаад ч түүнд таарахгүй.

Үүрэг нь нийгэм, түүний гишүүдийн хоорондын харилцааг тогтмолжуулан зохицуулах арга юм. Ёс зүйд үүргийн тухай ойлголт тун чухал байр суурь эзэлдэг тул ёс зүйг үүргийн тухай сургаал гэж нэрлэх нь ч бий. Үүрэг гагцхүү ёс суртахууны сайныг эрхэмлэх үзэлд үндэслэх ёстой. Үүрэг нь олноороо зайлшгүй дагаж мөрдөх ёс суртахууны хуулиас үүдэн гардаг зүйл. Нийгмийн зүгээс хувь хүмүүст тодорхой шаардлагуудыг тавьдаг. Эдгээр шаардлага л нийгмийн үүргийн агуулгыг тодорхойлдог. Нийгмийн үүрэг, нийгмийн статус, тэдгээрийн хэрэгжилт нь бие хүний болон нийгмийн зан төлвийн шинжүүдээр дамжин илэрдэг. Статус гэдэг нь тодорхой эрх хийгээд үүргийг хэрэгжүүлэгч хүнд байж болох байр суурь юм. Нийгмийн үүрэг нь нийгмийн тухайн статусыг эзэмшигч хүний заавал биелүүлэх үйлдлүүд. Нийгмийн үүргийг хүлээх, хүлээгээд зогсохгүй гүйцэтгэх ёстой. Хүн хүлээх ёсгүй үүргийг гүйцэтгэвэл нийгэмтэйгээ зөрчилддөг. Мөн түүнчлэн хүний хүлээж буй үүргүүд нь хоорондоо зөрчилдөх нь ч бий. Үүнийг үүргийн сөргөлдөөн гэдэг.

Ёс суртахууны үүргийн ач холбогдол, цар хүрээ асар их. Энэ талаар Шотландын гүн ухаантан, эдийн засагч, улс төр-эдийн засгийн ухааны томоохон төлөөлөгчдийн нэг Адам Смит “Ёс суртахууны үүргийн хүрээ нь хуульд тодорхойлсноос нэн өргөн байдаг” гэж хэлж байсан бол “Ёс суртахууны үүрэг нь гадны ямар ч шалтгаанаас хамаардаггүй, энэ нь хүний дотоод дахь хүсэл юм” гэж Кант тодорхойлсон байдаг.

Үүрэг, хариуцлага хоёр нэг юмны хоёр тал. Үүрэг байгаа газар хариуцлага байна. Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл юм. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай байдаг. Тэд хариуцлага алдвал ихээхэн гэмшдэг. Хүнд олон үүрэг хариуцлага бий. Тэдгээрийг өөрийнхөө болон гэр бүл, төр улс, бусдын өмнө хүлээх үүрэг гэж дөрвөн үндсэн төрөл болгож хуваасан хүн бол гүн ухаантан Г.Гегель.

Ёс суртахууны ойлголт болох хариуцлага нь эрх чөлөө юм. Хариуцлага гэдэг нэр томьёо латин хэлний (respodere) хариуцах, хариулах гэсэн үгнээс гаралтай аж. Эл нэр томьёог буруутай хүн хариулах, хариуцах ёстой гэсэн утгаар XV зууны хоёрдугаар хагасаас эрх зүйд анх хэрэглэж эхэлжээ.

Гегель, Кант нараас гадна хариуцлага, ёс суртахууны хариуцлагыг Д.Юм, Ф.Ницше, Герберт нар чухалчлан судалж байж. Хариуцлага нь хүний үйлдэл хийх арга, чадварыг агуулдаг ойлголт юм. Хариуцлага нийгмийн болон хувь хүнийх гэж байна. Хувь хүний ёс суртахууны хариуцлагыг нэг талаас өөртөө тавих шаардлага, үүргээ ухамсарлан биелүүлэх байдал, бусдад нөлөөлөх, ухаалаг байх чадвар, нөгөө талаас зан төлөв, зан суртахууны байдал нь тухайн цаг үеийн үнэт зүйлстэй тохирч байгаагаар нь тодорхойлдог. Нийгмийн органик бүтэц нь хариуцлагын тогтолцоог сайжруулдаг. Хувь хүний хариуцлага нийгмийн органик хөгжлийн эх сурвалж болдог тул хувь хүн хариуцлагаа ухамсарлах, хэрэгжүүлэх явдал нийгмийн бүтэц хоёр харилцан хамааралтай, зохицож байх ёстой аж. Ёс суртахууны хариуцлага нь нийгмийн бусад төрлийн хариуц¬лагын үндэс суурь нь болдог.

Бие хүн нь өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө л хариуцах ёстой гэж хариуцлагын сонгодог үзэл баримтлалынхан үзэж байсан бол XX зуунд бий болсон сонгодог бус үзэл баримтлал (Хайдеггер, Гадамер)-ынхан хүний ахуй нь түүний хүлээх хариуцлагын үндэс болох ёстой, ёс суртахууны хариуцлага нь бие хүний ёс суртахууны үйл ажиллагаа болон үүрэгтэй нь тохирч байгаагийн илэрхийлэл гэж тодорхойлжээ.

Бие хүний ёс суртахууны хариуцлага нь тухайн хүн нийгмийн ба хувийн ашиг сонирхлыг зохицуулах болон идэвх чармайлттай, ажил хэрэгч байх чадвар юм. Бие хүний ёс суртахууны хариуцлага харилцааны соёлоор илрэх ба ерөнхий мэдлэг болон соёлын түвшин, боловсрол, зан байдал зэргээс хамаардаг. Өнөө цагт хүний ёс суртахууны хариуцлага нь амьдралын чанарыг тодорхойлдог болжээ. Хариуцлагатай хүнд ямар ч үед итгэж найдаж болно гэж үздэг. Хариуцлагатай хүн алдах нь бага, онох нь их. Тэр үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан байдаг.
Хариуцлагагүйгээс үүдэх хор хохирол дааж давамгүй. Хариуцлага алдсан үйлдэл бүрт хариуцлага тооцож байж хариуцлагажина. Хариуцлага нь үнэ цэнэ хэмээх ойлголттой салшгүй холбоотой бөгөөд хүний өөрийгөө хянах, биеэ барих, удирдан жолоодох чадвар юм. Хүн ёс суртахууны үүргээ эс биелүүлбээс нэр хүндээ алдаж, хүмүүст үнэлэгдэхгүй, хүндлэгдэхгүй болж, улмаар нийгэмдээ адлагдахад хүрдэг.
Бусадтай хариуцлагатай харилцах, биеэ зөв авч явах хариуцлага нь бүх нийтийн хариуцлагын зарчимтай холбогддог. Биеэ зөв авч явна гэдэг нь бусдад төвөг учруулахгүй, яршиг төвөг тарихгүй байх, цаашилбал бусдад туслах сэтгэлтэй байж, чин сэтгэлээсээ дэм үзүүлдэг байх явдал юм. Бусадтай харилцах үедээ өөрийн хариуцлагыг хөгжүүлэх нь чухал. Ингэснээр илүү хүмүүнлэг, энэрэнгүй байж чадна.
Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш. Хүн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгэм, соёл, ёс суртахууны болон хамтын эрх эдлэх ёстой. Хүн үзэл бодлоо баримтлах, санаа бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах үүднээс эдгээр эрхээ хязгаарлуулж, хүчирхийллийг өдөөн турхирах, үндсэрхэг үзэл, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан үзэн ядахыг дэмжсэн аливаа сурталчилгаа хийх хориотой байдаг.

 

Эх сурвалж: http://www.sonin.mn/