ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “UNIQUIZ” ХӨТӨЛБӨРИЙН ЯЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлэх, тэдний ажлын хариуцлагыг дээшлүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяныг өнгөрсөн оны турш амжилттай зохион байгуулж өндөрлөсөн.
Дээрх аяны төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээг зохион байгуулж, уг арга хэмжээний хүрээнд “Юнител” компанитай хамтран цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын танин мэдэхүйг хөгжүүлж, хууль, эрх зүйн мэдлэгийг шалгах “Uniquiz” уралдаант хөтөлбөрийг зохион хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн шилдгээр шалгарсан баг, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагааг өнөөдөр /2021.07.05/ Сүлд чуулгын концертын их танхимд зохион байгуулав.
Энэхүү хөтөлбөрийн багийн төрөлд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамж хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхболд ахлагчтай баг 1688 оноогоор нэгдүгээр, мөн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Б.Золбоо ахлагчтай баг 1641 оноогоор хоёрдугаар, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Даваасамбуу ахлагчтай баг 1607 оноогоор гуравдугаар байр, ганцаарчилсан төрөлд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн өгөгдлийн сан хариуцсан ахлах инженер, цагдаагийн хошууч Ж.Хатанзориг 333 оноогоор нэгдүгээр, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Цэргийн албаны зохион байгуулалт, сургалт хариуцсан ахлах офицер, хошууч Н.Болд 332 оноогоор хоёрдугаар, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Мөнхбат 255 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Шагнал гардуулах арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, Сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, “Юнител” ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин, ахлах менежер З.Оргил менежер Б.Анхбаяр нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
2020 оны 09 дүгээр сараас он дуусталх хугацаанд 14 үе шаттайгаар зохион байгуулагдсан уг хөтөлбөрийн багийн төрөл цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 187 баг өрсөлдөж, 52.288 оноо, ганцаарчилсан төрөлд 310 алба хаагч оролцож, 18.862 оноо цуглуулсан байна.
Уралдаант хөтөлбөрийн шилдгээр шалгарсан, амжилттай оролцсон алба хаагчид болон дэмжлэг үзүүлж, хамтран хэрэгжүүлсэн Юнител ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА