"СТАТИСТИКИЙН САЛБАРЫН ОЛОЛТ, АМЖИЛТ" БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан "Статистикийн салбарын ололт, амжилт" хүндэтгэлийн хурал болж өнгөрлөө.
Баярын хурлыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа үг хэлсэн. Мөн тус хурлын нээлтийн үеэр Үндэсний статистикийн хорооны үе үеийн удирдлага болон тус албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Статистик, мэдээллийн хэлтсийн сангийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмонхүү, Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Гомбодорж нар хүндэт зочноор оролцлоо.
Улсын анхдугаар Үндсэн хуульд заасны дагуу 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний орон тоотой байгуулснаар статистикийн байгууллагын суурь тавигдсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдан Тоо бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, 1964 оноос албан ёсоор Статистикийн байгууллага гэж нэрлэгдэх болсон.
Үндэсний статистикийн хороо нь мэдээллийг цуглуулах, түүнд судалгаа дүгнэлт хийх, аргачлал, ангиллыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ цагдаагийн байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.
Хурлын үеэр Үндэсний статистикийн хорооны хамт олонд Цагдаагийн ерөнхий газрын даргын мэндчилгээг хүргэж, тус хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Б.Амарбал, статистикч Ц.Дулмаа, Н.Амарбаясгалан нарт "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.