ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Прокурорын газартай хамтран Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр (2023.04.07) зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд, Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга нар, дүүргүүдийн Прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч прокурорууд, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь болон албадын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, мөрдөн байцаах тасгийн дарга нар зэрэг нийт 89 албан тушаалтнууд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас илтгэл, мэдээлэл хийж, санал шүүмжлэл өрнүүлэн, мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, мөрдөгч, прокурор нараас гаргаж буй нийтлэг алдаа, дутагдлын талаар санал солилцон зөвлөмж боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.
Зөвлөгөөнд оролцогчдоос Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран зөвлөгөөн хийж байгаа нь онцлог, хэлэлцсэн асуудал нь оновчтой, ач холбогдолтой байгаа талаар дүгнэн хэллээ.
Эх сурвалж: https://police.gov.mn/