ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦАНД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 25 АЛБА ХААГЧ ХАМРАГДАХААР “БАТЛАМЖ”-АА ГАРДАН АВЛАА
Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэдэг цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй 25 алба хаагчид өнөөдөр /2023.01.19/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах “Батламж”-ийг гардуулан өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэвжих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон залуугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна” гэдгийг онцолсон юм.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах “Батламж”-аа гардан авсан алба хаагч нарынхаа цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Эх сурвалж: https://police.gov.mn/