АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТЫН ДЭРГЭДЭХ, АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН АЖИЛТАН МЭТЬЮ КИЛЛИАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын дэргэдэх Хар тамхи, олон улсын хууль сахиулах товчооны Ази Номхон далайн бүс хариуцсан ажилтан Мэтью Киллиантай танилцах уулзалтыг өнөөдөр /2022.11.15/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэхишиг, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдал эрхэлсэн атташе Жоэл Ортез нар оролцсон юм.
Уулзалтаар шинэ төрлийн гэмт хэрэг болон цахим залилан, мөнгө угаах, хар тамхитай тэмцэх, зэрлэг ан амьтныг хууль бусаар хил давуулан худалдаалах зэрэг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдыг чадавхжуулан сургах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагын сайн туршлагаас суралцах чиглэлээр хамтран ажиллах талаар санал, солилцов.
Эх сурвалж: https://police.gov.mn/