• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022-10-20
“НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, “Аюулгүй Ногоон бүс”-ийг бий болгож, тус бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн аюулгүй хотыг бий болгох зорилгоор гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг хороог сонгон авч “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.  

Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 1-р дөчин мянгатын нутаг дэвсгэрийн 29.7 га газрыг эрүү, хэв журмын нөхцөл байдал, өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуй нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан сонгон авч теле камерын хяналтад бүрэн оруулах ажлыг хэрэгжүүллээ.

Олон улсын “Green zone”-ийг хэрэгжүүлсэн сайн туршлагыг үндэслэн 61 цэгт 145 камер шинээр байршуулах, түүнд шаардагдах төсөв тооцоог гарган, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Засаг даргын тамгын газар болон тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 25 аж ахуй нэгжийн санхүүжилтээр камер суурилуулах ажлыг Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Хотын гудамж, талбай, автобусны буудалд камер суурилуулж, ухаалаг системийг нэвтрүүлснээр гэмт хэрэг 47,4 хувиар буурсан.

“Ногоон бүс”-д хуучин дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сэргээн ашиглах, үр дүн ач холбогдлыг бууруулахгүйгээр, төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр камер суурилуулах ажлыг “Професионал нетворк солюшн”, “Мон стилл фиксер” ХХК-ууд хийж гүйцэтгэн теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбон 24 цагаар цагдаагийн байгууллагаас байнгын хяналт тавин ажиллах юм. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурахаас гадна  эзэнгүй хэрэг, зөрчил, хулгай, автозамын осол гэмтлээс сэргийлэх, хянах бүрэн боломжтой.

Теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдэгдсэнээрээ онцлог юм.

Тус ажлын үр дүнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, гэмт хэрэг, зөрчлийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэх нөхцөл бүрдэж, нутаг дэвсгэрийн хулгайлах гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэрэг тодорхой хувиар буурах эерэг үр дүн гарах юм.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/