ЭМГЭНЭЛ
ДЭЛЭГЧОЙМБОЛЫН АМАРСАЙХАН
/1962-2021 он/
Цагдаагийн хурандаа Дэлэгчоймболын Амарсайхан нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нь 1962 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд Дэлэгчоймболын6 дугаар хүү болон мэндэлж, аймгийн бага дунд сургууль төгсөж, 1979-1983 онд Монгол Улсын их сургуульд суралцан, худалдааны эдийн засагч мэргэжлийг эзэмшин, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт томилогдсоноор Монголын цагдаагийн байгууллагад тасралтгүй үр бүтээлтэй 38 жил ажиллажээ.
Ажил хөдөлмөрийн гараагаа 1983 онд Ажилчны районы цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгчөөр эхэлж, 1990-1997 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч, Эдийн засгийн хэлтэст ахлах төлөөлөгч, 1997-2002 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэс, Захиргааны удирдлагын газрын Тусгай тасагт зохион байгуулагч, 2002-2005 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх 1 дүгээр тасгийн дарга, 2005-2012 онд Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга, 2012-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн Дэд захирал, 2014-2017онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, Санхүү, хангамжийн газрын дарга, Хэрэг бүртгэх албаны Дэд бөгөөд Мэргэжил арга зүй, хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2017-2021 оны 04 дүгээр сарыг хүртэл Тээврийн цагдаагийн албаны даргаар тус тус томилогдон ажилласан.
Тэрээр цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, шинэ залуу боловсон хүчнийгбэлтгэх, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудал, төсөв санхүүг шийдвэрлэх, албадын үйл ажиллагааг мэргэжил аргазүйн удирдлагаар хангахад ихээхэн санаачилга гарган ажиллаж хамт олон, албан хаагчидтай чин сэтгэлээсээ элэгсэг дотно харьцдаг, цагдаагийн байгууллагын шилдэг удирдагч нарын нэг байлаа.
Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийг төр засгаас өндөрөөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавьяа, Спортын алдартэмдгээр шагнаж урамшуулжээ.
Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, эрдэмт даруу, хүнлэг сайхан зан чанарууд байгууллага, хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Та минь эх орныхоо ариун хөрс шороонд амгалан тайван нойрсдоо.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР