“МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ҮНДЭСТЭН ДАМНАСАН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Цагдаагийн байгууллага хоорондын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчоо, ӨМӨЗО-ны Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуультай тус тус хамтран “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдын үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ур чадварыг бэхжүүлэх нь” сургалтыг цахимаар зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчооны дарга Ван Жан Жүнь, ӨМӨЗО-ны Цагдаагийн дээд сургуулийн захирал Лии Юн Лин, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар үг хэллээ.
Цар тахлын эрсдэлтэй үед хоёр орны цагдаагийн байгууллагын шинэлэг арга замаар үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох, хоёр улсын хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ур чадварыг ижил түвшинд дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий энэхүү сургалт нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Дээрх сургалт нь үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны тойм, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнан оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, цахим гэмт хэргийн тоон ул мөр шинжлэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Эх сурвалж:https://police.gov.mn/