ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТАГДАН ИРСЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД "ЦЭРГИЙН ТАНГАРАГ" ӨРГӨЛӨӨ
Дотоодын цэргийн байгууллагад 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа” өнөөдөр /2021.12.03/ Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр “Цэргийн тангараг”-аа өргөж буй шинэ дайчдад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир “Тангараг өргөсөн цэргийн зүрхэнд эх орон багтдаг. Цэргийн тангараг өргөснөөр та бүхэн ээж аавын хүүгээс эх орны цэрэг болж байна. Эр цэргийн алба нь эр хүний хийморь золбоо, сүр жавхаа, эр зориг, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгийн алба юм шүү” гэдгийг онцлон нийт хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэв.
Дотоодын цэргийн байгууллага нь 2017 онд дахин байгуулагдсан цагаасаа хойш хоёр дахь удаагаа хугацаат цэргийн алба хаагчдыг татан авсан юм.
Эх сурвалж:https://police.gov.mn/