АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Цагдаагийн байгууллагад гадаад хэлний сургалтын танхим, техник, хэрэгсэл гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд гадаад хэлний сургалтын танхимыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны 8-р сарын 30-ны өдөр боллоо.
Уг арга хэмжээнд ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны дэд тэргүүн ноён Грегори Мэй, Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдал хариуцсан атташе Тимоти Рийд, мөн хэлтсийн Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан атташе Роберт Гуденкауф нар оролцлоо.
Арга хэмжээг нээж Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн хэлэхдээ: Монгол Улсын цагдаагийн байгууллага нь Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх мэргэжлийн сургалт, зөвлөгөөнд хамруулах, цаг үеийн болон хоёр орны иргэдийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бүхий л талаар 1993 оноос хойш үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна.
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас хүлээлгэн өгч буй энэхүү гадаад хэлний сургалтын танхим нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, тасралтгүй үе шаттайгаар сургалт зохион байгуулах, сурч хөгжих боломж олгох, чанартай мэдлэгийг эзэмшүүлж гадаад орны туршлага судлах, богино хугацааны албаны болон мэргэжлийн сургалт, зөвлөгөөнд оролцох, Нэгдсэн Үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Харин Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Цагдаагийн байгууллагад хандивлаж буй энэхүү сургалтын төв нь хоёр орны хүчний байгууллагууд санал санаачилга солилцох, хамтран сургалтын үйл ажиллагаа явуулах зэрэг бололцоогоор хангаж хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна" гэлээ. Тэрээр цааш нь "Монгол улсын Цагдаагийн ерөнхий газар нь дотоодын хууль сахиулах үйл ажиллагаанаас гадна НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улсаас оролцдог чухал түншийн нэг билээ. Энэхүү танхимын үйл ажиллагааны үр дүн болсон хэлний мэдлэгээр дамжуулан цагдаагийн байгууллага олон улсын хамтрагчидтайгаа илүү үр дүнтэй хамтран ажиллаж, цаашид Монгол улс олон улсын хүрээнд хүчирхэг бөгөөд найдвартай хамтрагч байна гэдэгт би итгэж байна" гэлээ.
Уг танхим нь гадаад хэл, лингафоны 105 мкв талбай бүхий, нэг дор 15-20 алба хаагчийг хүлээн авч суралцуулах боломжтой юм. Танхимыг орчин үеийн жишиг, стандартын дагуу тохижуулсан бөгөөд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг тасралтгүй, үе шаттайгаар дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж:https://police.gov.mn/