МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 27001:2022 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105, 107 тусгай дугааруудаар хүлээн авах үйл ажиллагаанд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2022 Олон улсын стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалтын байгууллагаас “Гэрчилгээ”-гээ гардаж авлаа.
Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд дундаас Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2022 Олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага болж байна.
Энэхүү стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих, сайжруулах шаардлагуудыг хэрэгжүүлдэг Олон улсын стандарт бөгөөд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд энэхүү стандартыг нэвтрүүлснээрээ иргэдээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах систем, программ хангамж, техник, тоног төхөөрөмжийн тогтвортой, найдвартай, тасралтгүй ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал хангагдсан.
Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 207 дугаар тогтоолоор “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын жагсаалтад орсон байдаг ба Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2022 Олон улсын стандартыг нэвтрүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн байна.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2022 Олон улсын стандартыг нэвтрүүлэхэд “Систем центр” компани зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ба баталгаажуулалтын аудитыг “МонСертф” компани хийсэн байна.
---ооОоо---