ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД “ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛ ХҮРТЛЭЭ
Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Жамсранжавын Болдод “Хошууч генерал” цол олголоо.
Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.07.10/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлсэн үгэндээ “Энэхүү эрхэм дээд цолыг хүртэхэд Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүгдийн минь төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн, хичээл зүтгэл их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв.
Хошууч генерал Ж.Болд нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 28 жил ажиллаж байгаа бөгөөд Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан арван долоо дахь генерал юм.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн сүлд хийморь бадарч, мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Эх сурвалж:https://police.gov.mn/