• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ДАВТАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2021-03-18
АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ДАВТАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу “Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургалт” өнөөдөр /2021.03.18/ эхэллээ.

Энэхүү сургалтад Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тасгийн дарга, ахлах зохицуулагч, мөрдөгчид болон зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг 60 алба хаагч ажлын байран дээрээсээ цахимаар хамрагдаж байгаа бөгөөд сургалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Сургалтаар “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгахад анхаарах асуудал”, “Зам, замын байгууламжийн аюулгүй байдлыг хангах нь”, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа, арга тактик”, “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах олон улсын туршлага” зэрэг сэдвийн хүрээнд 1 багц цагийн мэдээллийг судалж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх юм. 

Дээрх сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв болон Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг байгууллагын сургагч багш, мэргэшсэн алба хаагчдын оролцоотой цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Мөн энэ оны 04, 05 дугаар саруудад зохицуулагч, цагдаа-зохицуулагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.