АХМАД ДАЙЧИН, БЭЛТГЭЛ ХОШУУЧ Б.РАГЧААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл ахмад дайчин, цагдаагийн байгууллагадаа үр бүтээлтэй 26 ажилласан бэлтгэл хошууч, 97 настай Б.Рагчаа гуайд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон алба хаагчдын төлөөлөл оролцов.
Бэлтгэл хошууч Б.Рагчаа нь 1923 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрж, 97 насыг наслаж, үр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Тэрээр 1960 онд паспортын байцаагчаас ажлын гараагаа эхлэж, Хууль цаазын дунд сургуулийг хуульч мэргэжилээр төгсөн, сэргийлэн хамгаалах байцаагч, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах байцаагч, Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч гээд цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарчээ.
Төр засгаас түүний алдар гавьяаг үнэлэн “Онц сэргийлэгч”, “Монгол цагдаа медаль”, “Алтан гадас” одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байжээ. Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд Танкийн тусгай хорооны ариун цэврийн зааварлагчаар оролцсон цагдаагийн байгууллагын ахмад дайчин юм.
Энэ үеэр ахмад дайчин, бэлтгэл хошууч Б.Рагчаад Цагдаагийн ерөнхий газрын даргын гарын бэлэг, дурсгалын зүйлс, "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа. Бэлтгэл хошууч Б.Рагчаа:
- Би энэ жил нас сүүдэр 97 хүрлээ. Цагдаагийн байгууллагаасаа гурван насаар л дүү гэсэн үг. Цагдаагийн байгууллагатайгаа хувь тавилангаа холбосноо их бэлгэшээж, баярлаж явдаг. Одоо ажиллаж байгаа болон хойч үеийнхээ залууст ажил албандаа чин сэтгэлээсээ хандаж ажиллавал буян нь их шүү гэж хэлье" гэж ярьлаа.
Эх сурвалж: http://police.gov.mn/