• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Б.Сод-Од: Програм бичих явцад хүүхдийн асуудал шийдэх чадамж сайжирч, техник сэтгэлгээ хөгждөг

2020-07-27
Б.Сод-Од: Програм бичих явцад хүүхдийн асуудал шийдэх чадамж сайжирч, техник сэтгэлгээ хөгждөг

Хүүхэд бүр програмист болох албагүй ч компьютер програмчлалын тодорхой хэмжээний мэдлэг чадвартай болох хэрэгцээ шаардлага бий.  Энэ талаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Программ хангамжийн багш Б.Сод-Одтой ярилцлаа.  

-Хүүхдэд кодчилол, програмчлалын хичээл орох нь ямар ач холбогдолтой талаар ярилцлагаа эхэлье.
-Хуучнаар бид хөдөлмөрийн хичээл дээр мод зороод юм хийдэг байсан бол орчин үед хүн бүр технологитой харьцаж сурах шаардлага гарч байна. Технологийн хичээлийг орох тусгай хөтөлбөрүүд байна. Эцэг эх болгон хүүхдээ амьдрах чадвартай, сайн хүн болгох зорилготой. Тиймээс хүүхдээ аль болох сайн сургууль эсвэл дамжаанд суралцуулахыг эрмэлздэг болсон.

Гаднын хөгжилтэй  орнуудын системд байдаг зарим сургалтын аргачлалууд Монголд орж ирээгүй байна.  Ямар нэгэн байдлаар хөгжингүй орнууд програмчлал, роботикийн хичээлийг сургалтын хөтөлбөртөө тусгасан байдаг.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зарим өндөр төлбөртэй сургуулиудад технологи, мэдрэмж, урлаг соёл, хөдөлгөөн хөгжүүлэх хичээлүүд орж байгаа ч боловсролын тогтолцоонд байгаа ялгаанаас болоод нийтээрээ эзэмших боломжгүй байгаа юм. Хүүхдэд зориулсан програмчлалыг заах олон аргачлал бий.

-Тэдгээрээс дурдахгүй юу?
-Хүүхдийн програмчлалын технологиуд байдаг. Хамгийн түгээмэл сайн нь Массачусетсийн технологийн институтээс гаргасан Scratch програм юм. Хүүхэд блок өрөх зарчмаар ямар нэгэн зүйл эвлүүлээд, тэрийгээ програм болгож ажиллуулдаг, маш сонирхолтой. Тэр програмаар хүүхэд өөрөө тоглоом хийж болно. Мөн Blockly гэж програм бий. Scratch 8-аас дээш насны хүүхдүүдэд зориулсан бол Blockly  12-оос дээш насныханд тохиромжтой. Blockly  нь блок өрөхийн зэрэгцээ программчлалын код хажуудаа гардаг.  Мөн Alice буюу гурван хэмжээст дүрс, бас Swift Playgrounds гэдэг тоглоом хийдэг технологи бий. iOS, iPad дээр хийх зориулалттай. 

Түүнчлэн Lego Mindstorm Robotics гэж бий. Эхлээд легогоо угсарна. Угсарсан лего нь чиптэй байх тул компьютер дээр програм бичээд, легогоо хөдөлгөх, гэрэл гаргах зэргээр янз бүрээр програмчлан тоглож  болдог.

-Эдгээр програмуудыг ашиглаад хүүхдүүд юу бүтээж болох вэ?
-Оюун санаанд хязгаар байхгүй гэж хэлдэг шүү дээ. Маш олон зүйл бүтээж болно. Жишээ нь, хүүхдүүд сагс тоглодог, хоорондоо хөөцөлддөг, өнгөөр буддаг, зурдаг, цонх арчдаг тоглоом ч хийж болно. 

- Програмчлалыг эзэмших нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ. Ямар чадварууд хөгжих вэ?
-Хүн програм бичих явцдаа алхам тутамдаа ямар нэг алдааг засаж, амьдрал дээр гарч байгаа асуудлуудыг шийдэж байдаг. Тиймээс хүүхдийн асуудал шийдэх чадамж сайжирч байна. Техник сэтгэлгээ хөгжинө, логик гаргалгаа сайжирна. 

Бид хүүхдээ утсаа боль гэдэг байсан бол сүүлийн үед хорих шаардлагагүй болж байна. Учир нь амьдрах нийгэм орчин нь технологиос хамааралтай болчихлоо.

Тухайлбал, манай аав ажил хийгээд, хөдөлмөрлөж байгаа болохоор надад гоё утас авч өгч байна, би үнэхээр хичээж байгаа учраас энэ юмыг хийж чадаж байна гэх мэт хүүхэд блок өрөх зарчмаар энэ үйлдлийн дараа ийм байна гэсэн  логик дарааллын сэтгэлгээ нь сайжирдаг.

Мөн програм бичихэд сайтар төвлөрөх шаардлага гардаг учраас хүүхэд төвлөрч сурдаг. Хүүхдийн програмчлалд 30-45 минут анхаарал хандуулахад хангалттай байдаг. Нэг хичээлийн 45 минутанд хүүхэд ядраад нозоороод байдаг бол програмчлалын хувьд 10 минут суусан мэт маш хурдан өнгөрчихсөн байдаг.

-Хэдэн жилийн дараа ажлын байранд тавигдах шаардлагад програмчлалын мэдлэг орж ирнэ гэсэн таамаглал бий. Тэр талаар та ямар бодолтой байна вэ? Түүнчлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт ийм хичээл оруулах шаардлагатай гэж бодож байна уу?
-Ажлын байрны шаардлагын өөрчлөлтүүд ойрын 2-3 жилийн хугацаанд манай улсад мэдрэгдэхгүй байх. Тийм  таамаглал бүхий нийтлэлүүд гаднын сайтуудад гарсан. Мундаг програмист болохгүй ч програмчлалын үндсэн логик сэтгэлгээг сурчихсан хүнд ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн хүн болно гэсэн шаардлага гарна гэдэг нь цаг хугацааны асуудал болно. Яг л ажилд ороход IQ эсвэл өөр бусад төрлийн шалгалт авдагтай л ижил тодорхой доод түвшний програмчлалын наад захын мэдэгдэхүүний шалгалт авдаг болох өндөр магадлалтай. 

Тиймээс сургуулиудад ийм хичээлийг зайлшгүй оруулах ёстой гэж бодож байна.  Ядаж л ахлах ангид. Зарим сургуулиудад зааж байна.  Гэхдээ их сургуульд мэдээлэл зүйн багш нарыг бэлдэж байхад багшид нь энэ талаар заагаагүй бол зарим багшид хүндрэлтэй байж болох юм. Тэр хүн бэлтгэгдэхдээ програмчлалаар бэлтгэгдсэн үү эсвэл ерөнхий компьютерийн чиглэлээр бэлтгэгдсэн үү гэдгээс хамаарна. 

Бид хүүхдээ утсаа боль гэдэг байсан бол сүүлийн үед хорих шаардлагагүй болж байна. Гол нь үзэж байгаа контент болон цагт нь хязгаар тавих ёстой. Харин холдуулж болохгүй. Учир нь амьдрах нийгэм орчин нь технологиос хамааралтай болчихлоо.

-Таны бодлоор мэдээлэл зүйн хичээлд ямар сэдвийн хичээлүүд оруулах нь зүйтэй вэ?
-Эхний жилдээ Scratch  програм, дараа жил нь веб сайт, дараа нь хөдөлгөөнт тоглоом, гар утасны програм зэргийг дунд сургуульд зааж болно гэж бодож байна. Учир нь хүүхдүүд маш хурдан сурдаг. Оюутан гэхээсээ илүү хүүхэд байхад нь заавал илүү үр дүнтэй. 

Их сургуульд багшилж байхад зарим оюутан үнэхээр чадварлаг сайн байна. Зарим нь боломж бололцоо нь байхгүй, эсвэл хүсэхгүй байж болно. Эсвэл зарим нь хичээгээд ч чадахгүй байж болно. Сайн байгаа хүүхдүүд нь нөхцөл нь бүрдээд, маш хичээнгүй байж болно. Эсвэл логик сэтгэлгээ нь багаасаа сайн хөгжсөн байж болно. Тэгэхээр багаас нь энэ салбарт ойртуулж өгч байж илүү сайн болно гэсэн үг. Гэхдээ програмчлал бол хэцүү зүйл биш. Математикийн өндөр мэдлэг шаардахгүй.
-Амар хялбар аргаар, хүүхдийн сонирхлыг татах хэмжээнд програмчлалыг яаж заадаг вэ? 
-Бага  насны хүүхдүүдэд биечлэн зааж байгаагүй ч цахим сургалтыг судалж байсан. Ээж аав нь хүүхэдтэйгээ харьцаа, хамтдаа сурч бүтээвэл их сайн сурна. Эсвэл хоёр гурваар нь баг болгоод тоглоом хийх аргаар зааж өгдөг. Жишээ нь, энэ бөмбөгийг залдаг болгоё гэх мэтээр заах нь хүүхдийн сонирхлыг татна. 

Програмчлал гэдэг нь их хэцүү гэсэн ойлголт нийтэд байгаа. Тэгэхээр ойлгочихвол хялбар байх боломжтой гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулмаар санагддаг.  
Харин нэгэнт сурчихсан хүнд хэцүү зүйл байхгүй. Лего тоглоом шиг програмчлал их сонирхолтой. Энэ нь байнга шинэчлэгдэж байдаг салбар учраас програмистууд  дагаж хувьсаж байх шаардлагатай. 

Зарим мундаг програмистууд их хөгжилтэй мэргэжил  гэж хэлдэг. Хэцүү биш сонирхолтой салбар. 

-Сэдвээсээ бага зэрэг хөндийрөөд нэг зүйл асууя. Хиймэл оюун ухааны талаар ойлголт өгөхгүй юу? Хиймэл оюун ухаан хүний тархийг давж сэтгэнэ ч гэж ярьж байна. 
-Маш өргөн хүрээний асуудал. Манай Мэдээлэл холбооны технологийн сургууль энэ жилээс хиймэл оюун ухааны чиглэлээр элсэлт авч эхэлж байна. Учир нь цаг үе нь болчихсон. Хиймэл оюун гэж бид ойрын хэдэн жил л түлхүү яриад байгаа болохоос энэ нь 1990-ээд онд ч байсан зүйл. Одоо бол энэ салбар их хөгжөөд байна. Ирээдүйд кинон дээр гардаг шиг супер түвшинд очих чиглэл рүүгээ явж байна. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон Илон Маск хоёр энэ асуудлаар маргадаг. Илон Маск хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг дарангуйлна гэсэн байр суурьтай байгаа бол Цукерберг тийм юм байхгүй гэдэг. Интернэтээр сонирхож судалбал олон доктор профессоруудын судалгаа ч бий. Гэхдээ одоогоор тийм аймшигтай түвшинд очоогүй байна.

20 жилийн өмнө өнөөдрийнх шиг хүмүүс бүх юмаа хийж болохоор ийм утастай болно гэж төсөөлөөгүй. Ирээдүйд юу болохыг төсөөлшгүй. Одоо бид ерөнхий ойлголттой болчихсон. Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт нэвтэрчихлээ. Хорт хавдрын шинжилгээг эмч нарт туслах байдлаар тоон үзүүлэлт гаргадаг болчихсон байна. Төрөл бүрийн салбарт орж байна. Жишээ нь дэлгүүр ороход танд таарах хувцсыг санал болгож болно. Тиймээс хүн болгон тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://gogo.mn/