Цагдаагийн байгууллагаас олгодог ял шийтгэлийн тодорхойлолтын загвар өөрчлөгдөж, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар үйлчилгээний нэгдсэн төвүүдээс олгодог боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн цахим мэдээллийн болон архивын санг бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.
Тус албанаас иргэд олон нийтэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр өгдөг лавлагааг улсын хэмжээнд зөвхөн 1 цэгээс олгодог байсныг төв, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдээс олгодог болгож, иргэдээс архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг банканд тушаах гэж нэлээдгүй цаг хугацаа зарцуулж байгааг судалж, лавлагааны цэг дээр “Пос” машин суурилуулан ажиллагаанд оруулаад байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллаж, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх лавлагааг төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв”-үүд болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт”-аар зэрэг олгох ажлыг амжилттай эхлүүллээ.
Ингэснээр өмнө нь иргэд ял шийтгэлийн лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авдаг байсан бол одоо тус нэгжээс авахаас гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн оператороос шууд авч, мөн вэб-ээр e-mongolia.mn сайтаар хандаж цахимаар өөрийн лавлагаа авах боломж бүрдээд байна.
2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32.2.8, 32.3.10-д сонгуульд нэр дэвшигч нь “Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа”, 32.2.9, 32.3.11-д заасан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа”-г сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөхөөр заасан.
Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас нэр дэвшигчдийн ял эдэлж байгаа болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх үнэн зөв лавлагаа олгох зорилгоор Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллаж, богино хугацаанд мэдээлэл солилцох, лавлагааны бодит байдлыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэр дэвшигчдэд олгох дээрх 2 төрлийн лавлагааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгож эхлээд байна.