ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААР ЛАВЛАГАА ОЛГОХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ
Цагдаагийн байгууллага нь “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт болон бусад хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон иргэний хүсэлтээр лавлагаа олгохоор заасан.
Үүний дагуу иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээллийг гурван чиглэлээр олгож байна. Үүнд:
1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг шалгах. /Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх гэх мэт/.
Уг лавлагааг харьяа төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээр шалгуулна.
2.Хүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн эрх зүйн үндэслэл бүхий албан хүсэлтийн дагуу албан бичгээр хариу өгнө.
ХЗДХС-ын 2018 оны А/116-р тушаалын 1-р хавсралтаар эрх бүхий байгууллага, албан тушаалтныг баталсан ба уг лавлагааг харьяа төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс авч болно.
3.Иргэний хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сан /Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хажууд цагдаагийн төв архивийн байр/-аас болон “Үйлчилгээний нэгдсэн төв”–ийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас тус тус олгож байна.
Албан бичгээр лавлагаа авах эрх бүхий байгууллага, албан тушаалтны жагсаалт:
1. Шүүхийн байгууллага
2. Прокурорын байгууллага
3. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дахь хэсэг, 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд
4. Монгол банк
5. Авлигатай тэмцэх газар
6. Санхүүгийн зохицуулах хороо
7. Бүх шатны засаг дарга нар
8. Улсын бүртгэлийн байгууллага
9. Цагдаагийн байгууллага
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
11. Шүүхийн шинжилгээний байгууллага
12. Монгол Улсад суугаа Гадаад Улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн болон Консулын газар.
13. Олон Улсын зэрэглэлтэй нисэх буудал
14. Монголын хуульчдын холбоо
15. Сонгуулийн ерөнхий хороо
16. Хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан бичгээр лавлагаа авахдаа:
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа авах эрх зүйн үндэслэл, түүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаарыг бүрэн гүйцэд бичих.
-Хуулийн этгээдэд лавлагаа авч байгаа бол тухайн байгууллагын нэр, регистрийн дугаар, лавлагаа авах болсон шалтгааныг дурдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаж ирүүлнэ.
-Иргэн нь“Тодорхойлолт”-оор лавлагаа авахдаа:
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор авах иргэд иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгээ үзүүлж, үйлчилгээний хураамж төлсөн баримтаа өгч авна.
Хэрэв тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад итгэмжлэл олгон авч болно.
-Үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг Төрийн сан дахь ЦЕГ-ын МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ 100900012027 дугаар дансанд тушаана уу. /Жич: гүйлгээний утга дээр лавлагаа авагчийн овог, нэр регистрийн дугаар, утасны дугаарыг бичих./
Лавлах утас: 70191060 70191089