Борооны ус ашиглан хэрэглээгээ зохицуулж буй САЙН туршлагууд
Усны нөөц хүн амын хэрэгцээг хангаж чадахгүй тохиолдолд усны хомсдол үүсдэг. Хүн амын хурдацтай өсөлт нь усны хомсдлыг улам нэмж буй бөгөөд үүнтэй тэмцэхийн тулд улс орнууд усны хэрэглээгээ багасгаж байна. Усны хэрэглээгээ багасгах нэг арга нь борооны усыг хэрэглэх юм.
Борооны ус ихэвчлэн шууд уухад тохиромжгүй байдаг ч түүнийг цэвэршүүлж ууж болохоос гадна бусад ахуйн хэрэглээнд зориулж болно. 2009 оноос НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөр дэлхийн зарим улс орнууд борооны ус цуглуулан, боловсруулах технологи ашиглан усны хомсдлыг бууруулах талаар ажиллаж эхэлжээ. “Rooftop Rainwater Harvesting (RTRWH)” буюу борооны ус хураах технологийг өдгөө Бразил, Хятад, Сингапур, Герман, Австрали зэрэг цөөн оронд хэрэглэж байна.
БРАЗИЛ: Борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж, ариутган ахуйн болон ундны хэрэглээнд ашиглах
Бразил улсад дэлхийн нийт цэнгэг усны 18 хувь нь оршдог ч томоохон хотуудынх нь 28 хувь нь л хангалттай цэнгэг устай байдаг аж. 18 сая хүн амьдардаг Бразилын хуурай бүс нутгийг усаар хангахын тулд Засгийн газар нь 2003 оноос “Programa Um Milhão de Cisternas” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд анх 1 сая айлыг усаар хангахын тулд 16 тоннын багтаамжтай хэд хэдэн ус цуглуулгын цистерн буюу нөөцлүүр байрлуулжээ. Энэхүү арга нь амжилттай болсон тул 2015 он гэхэд 500 мянга гаруй нөөцлүүрийг амжилттай суурилуулжээ. Мөн Порто Алегри, Сан-Паулу, Куритиба зэрэг хотуудад тус аргыг өндөр барилгуудад ашиглаж байгаа гэнэ.
СИНГАПУР: Борооны усыг хуримтлуулж, бохирдуулахгүйн тулд суваг, хоолой хэрэглэх
Сингапур 1977 оноос борооны усыг ашиглах бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 26 мянган айлын орон сууцны бохирыг борооны усаар шийджээ.
Зөвхөн борооны усыг хуримтлуулахад зориулж 8000 км урт суваг, хоолойг шинээр хийсэн байна. Үерт автамхай хэсгүүдийн аюулыг 98 хувиар бууруулж, үерийн үеэр борооны ус нь 17 цөөрөм рүү шууд орох системийг хийжээ. Жижиг газар нутагтай энэ оронд гүний ус, гадаргын ус хомс тул газар нутгийнхаа бараг тэн хагасыг борооны ус цуглуулахад ашиглаж байна.
ХЯТАД: Борооны ус хуримтлуулах хувийн нөөцлүүр байрлуулж ахуйн хэрэглээнд хэрэглэх
Харин Хятадын хувьд том газар нутаг, гадарга, гүний ус элбэг ч хүн амын өсөлт, нягтшил нь усны хомстол үүсгэж байна. Хэдийгээр Хятад дэлхийн хүн амын 22 хувийг эзэлдэг ч цэнгэг усны 7 хувийг хянаж буй нь асуудал юм. Хүн амынх нь 40 хувь нь цэнгэг усныхаа 17 хувийг хэрэглэж байгаа бөгөөд үүнийг шийдэхийн тулд Шар мөрөн, Хөх мөрний усыг шилжүүлэхийг хүртэл оролдож байна. Гэхдээ ус шилжүүлэх нь хойд Хятадад боломжгүй тул борооны ус цуглуулах аргыг хэрэглэж эхэлжээ. 1995 оноос газар тариалан эрхэлж буй айл бүр борооны ус цуглуулах 2 нөөцлүүртэй байх ёстой гэсэн шаардлагыг Хятадын засгийн газраас тавьсан байна. Уг шаардлагын ачаар жилийн дотор 1.3 сая хүн усны хомсдлоос ангижирсан аж.
ГЕРМАН: борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж, ариутгах
Германд 1999 оноос борооны усаар ахуйн хэрэглээгээ хангаж эхэлсэн бөгөөд 100 гаруй борооны ус цуглуулах систем, үйлдвэрлэгч бий болжээ. “Mall-Beton GmbH” компани гэхэд л дангаараа 100 мянга гаруй усны нөөцлүүртэй ба үүгээрээ сургууль, машин угаалгын газруудыг хангадаг байна. Германд баригдсан шинэхэн цогцолборын 19 барилга бүхэлдээ борооны ус цуглуулах системээр тоноглогдсон бөгөөд 2550 куб метр багтаамжтай 3 нөөцлүүртэй аж. Тус барилгуудын бохир, жорлонгийн усыг борооны усаар хангадаг байна.
АВСТРАЛИ: Хувийн нөөцлүүр бүхий борооны ус хуримтлуулах систем ашиглах
Австралийн хэд хэдэн муж тэр дундаа Виктория мужийн усны нөөц 20 хувиар буурч, ган гачиг их тохиолдох болсон. Иймээс борооны усыг нөөцлөх аргыг хэрэглэхэд хүрсэн байна. Ундны усны хомстолтой, хомстолд орох магадлалтай айлуудад Засгийн газраас тусламж үзүүлэн, ихэнх айлыг ус цуглуулах системтэй болгожээ. Ус цуглуулах систем ашгаа өгч эхлэх хүртэл Австралийн засгийн газраас 7 сая австрали долларыг зарцуулсан байна.
Эх сурвалж: http://news.gogo.mn.