Манай албаны бахархал Г.Чимэдноров
Ганболдын Чимэдноров 1991 онд айлын ууган охин болж мэндэлсэн ч бага насаа Хэнтий аймаг Цэнхэр мандал суманд эмээ дээрээ өсөж хүмүүжсэн гэдэг. Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль, улмаар 2013 онд Батлан хамгаалах их сургуулийн Радио электроник мэргэжлээр сурч төгссөн тэрээр одоо Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны бахархал болсон спортлог алба хаагч болжээ.
Анх 1 дүгээр ангид ороход 84 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Х.Сумьяа талбайн теннисний дугуйланд ирээрэй гэснээр спортод хөл тавьсан гэдэг. Хөдөө байхдаа бол байнга л гүйж харайж биеийн хүчний ажил хийдэг, морь унах дуртай байсан нь спортоор хичээллэхэд нөлөөлсөн байх.
Х.Сумъяа багшийн удирдлаган дор Талбайн теннисээр 2 жил дараалан улсын аваргаас мөнгөн медаль авч байсан. Гэвч сургууль дээр талбайн теннисний дугуйлан хичээллэхээ больж, сагс, гар бөмбөг дугуйланд явж эхэлсэн тэрээр чадаж байвал хамаагүй гээд бүх л төрлийн спортоор хичээллэдэг болсон. Сургуулийнхаа сагс, гар бөмбөгийн аваргаар дандаа түрүүлдэгт түүний хувь нэмэр их. Нэг удаа манай сургуулийн багш А.Отгонбаяр "Чи барилдвал сайн бөх болно доо" гэж хэлсэн энэ нь нээрээ би бөхөөр хичээллэж үздэг юм билүү гэсэн нь өнөөдрийн “Кураш бөхийн олон улсын хэмжээний мастер” болох эхлэл тавигджээ.
Г.Чимэдноровын авга ах улсын арслан Б.Ганбаатар, удам байна. Бас манай аав бөхөд дуртай юм чинь гээд л бөх барилдахаар шийдсэн дээ гэж дурсан ярьдаг. Ингээд 2007 оны 10 дугаар хамгийн анх Спортын ордоны бөхийн дугуйланд бүртгүүлж, бэлтгэлээ хийж эхэлсэн.
Бөхийн спортоор хичээллэхэд эцэг, эх, эмээ, өвөө, ах гээд л ойр тойрны бүх хүн дэмжиж тусалдаг байсан. Ялангуяа аав маань тэмцээн болгонд дагаж ирээд багш шиг зааж зөвлөөд л хамт байдаг байснаа дурсах нь хамгийн сайхан гэлээ.
Миний хамгийн их айдастай, хамгийн догдолсон тэмцээн бол бөх барилдаад анх орсон тэмцээн маань байсан. Яахаа ч мэдэхгүй, яах билээ л гэсэн бодол толгойд эргэлдээд байсан санагддаг. Барилдах гээд очсон сумогийн тэмцээн болж таараад барилдаад л байсан. Нэг мэдсэн ирсэн бүх хүүхдүүдийг хожоод “Алтан” медаль авсан байсан. Энэ тэмцээнээсээ хамгийн том урмыг авсан өөртөө итгэлтэй болж бэлтгэлээ сайн хийж дараа дараагийнхаа тэмцээндээ амжилт гаргаж эхэлсэн.
Г.Чимэдноров спортын хүниий хувьд хамгийн чухал зүйл бол бэлтгэл, ар гэрийн дэмжлэг, сэтгэл зүй гэж боддог. Энэ гурав л сайн байх юм бол амжилт гаргах нь цаг хугацааны зүйл байх үздэг.
Хамгийн сайн амжилт гаргасан жилүүд 2009-2011 онуудад гурван жил дараалан Кураш бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн улсын аваргаасаа бас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе. Энэ амжилтыг маань үнэлж 2011 онд Олон улсын хэмжээний мастер цолоор 2012 онд, Спортын тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнагдсан байна.
Удалгүй том хүүгээ төрүүлэн, спортоос түр хөндийрсөн ч гэр бүлийн бүлийн хүний ятгаснаар дахиж барилдаж эхэлсэн. Хамтдаа бэлтгэлдээ явна, хоолоо хийнэ, хүүхдээ харна, хамтдаа тэмцээндээ орно гээд бараг л хувийн дасгалжуулагчтай юм шиг байдаг. Байнга л хэлж зөвлөнө. Болохгүй юм байвал засаж, залруулж өгнө. Тэд одоо хоёр сайхан хүүтэй.
Г.Чимэдноров: "Спорт ер нь удам бас их дагадаг юм шиг санагддаг. Бага хүүгээ жоохон болохоор сайн мэдэхгүй ч том хүү маань спортод маш их сонирхолтой. Байнга аавыгаа дагаад бэлтгэлд явчина, гар дээр байнга сунайна, гэдэсний таталт хийнэ гээд л одооноос л спортод их дуртай болоод байгаа. Заримдаа тараад гэртээ очихоор хөлс нь урссан “Ээжээ би бэлтгэлээ хийсэн, гар дээрээ 40 сунайсан, гэдэсний таталт 20 хийсэн хүү нь сайн бөх болно” гээд л хайр хүргэмээр.
Манай аав цагдаа болохоор “аав шигээ цагдаа болноо” л гэж боддог байсан. Аав нь ч сонирхлыг нь бүрэн дэмжсэнээр цагдаа болсон доо. Цаг зав муутай цагдаагийн албанд ороод “... барилдах ч өнгөрлөө” гэж бодож байтал цагдаагийн хурандаа Ц.Отгонбат, цагдаагийн дэд хурандаа П.Нямравдан нар болон ажлын хамт олон маань маш сайн дэмжиж, тусалж, тэмцээнд оролцох боломж олгож байдагт үргэлж талархдаг. Миний цаашдын зорилго бол ажлын хамт олныхоо итгэлийг алдахгүй сайн тамирчин байж, ажлаа сайн хийж, цагдаагийн албандаа үнэнчээр зүтгэх юм гэдгээ илэрхийлсэн юм."
ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ ГАНБОЛДЫН ЧИМЭДНОРОВЫН
ДЭЛХИЙ, УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТААС:
- 2007 онд Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2008 онд Өсвөр залуучуудын Самбо, жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль
- 2008-2010 онуудын Самбо жудо Кураш бөхийн өсвөр залуучуудын нэрэмжит болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт мөнгө хүрэл медаль
- 2009 онд Кураш бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2009 онд Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, багийн алтан медаль
- 2010 онд Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2010 онд Кураш бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2010 онд Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2010 онд Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2011 онд жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2011 Кураш бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2011 онд Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2012 онд Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2016 онд Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2017 онд Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2017 онд “Хүч” спорт хорооны самбо бөхийн шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2017 оны “Хүч” спорт хорооны жудо бөхийн шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2019 оны “Хүч” спорт хорооны сагсан бөмбөгийн шалгаруулах тэмцээний тэмцээнээс хүрэл медаль
- 2019 оны “Хүч” спорт хорооны жудо бөхийн шалгаруулах тэмцээний мөнгө, самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2019 оны “Хүч” спорт хорооны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүрэл медаль
- 2019 оны Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медаль.