• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ОЛОН УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

2023-10-19
ОЛОН УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж буй “Олон Улсын Цагдаагийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт”-д /International police summit 2023/ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очироор ахлуулсан бүрэлдэхүүн энэ оны 10 дугаар сарын 16-аас 21-ний өдрийг хүртэлх хугацаанд оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтын нээлт “Ирээдүйд үүсэх аюулаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах стратеги” сэдвээр эхэлж, тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёол хүрэлцэн ирж, баяр хүргэн амжилт хүссэн юм.

Чуулга уулзалтад 35 орны цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан оролцож, дэлхий нийтийг хамран үйлдэгдэж байгаа хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, цахим залилан болон хүүхдийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн газар, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар хооронд “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дижитал нотлох баримт шинжлэх тоног, төхөөрөмж, лабораторийг шинэчлэх” төслийн хамтын ажиллагааны гэрээг хоёр улсын цагдаагийн байгууллагын удирдлагууд үзэглэх арга хэмжээг боллоо.