ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг энэ 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний хөх нуурт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас шалгарсан шилдэг 817 залуу офицер оролцсон бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг 148 офицер амжилттай хамрагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус чуулганы нээж хэлсэн үгэндээ: -“...Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой”, “Удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал”... гэдгийг онцолж, шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийг удирдах бүрэлдэхүүнд чиглэл болгосон нь Монгол Улсын төр хуулийн хүрээнд зарим эрхээ хязгаарлуулан, тушаалаар үүрэг гүйцэтгэдэг мөрдэстэй алба хаагчдынхаа албаны итгэл үнэмшил, идэвхийг өрнүүлэхэд онцгой анхаарал тавьж буйн илэрхийлэл болж байв.
“Залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн хамгийн гол зорилт, үр дүн бол залуу офицерууд өөрсдийнхөө албаны ирээдүй, хөгжлийн чиг хандлага, хөгжлийн орчныг бүрдүүлэхэд идэвхтэй оролцож, үзэл бодол, дуу хоолойгоо хүргэх явдал байсан. Уг чуулганы угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 43 ажил арга хэмжээ төлөвлөж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлсний нэг нь “Шилдэг офицер-2023” уралдаан байв. Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, бие бялдрын хөгжил, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвар, гадаад хэлний болон цэргийн хэргийн мэдлэг зэрэг өргөн хүрээг хамарсан удирдамж бүхий энэ уралдаанд байгууллага бүрээс шалгарсан шилдэг 80 офицерыг манлайлан эрэгтэй, эмэгтэй төрөлд “Тэргүүн байр” эзэлсэн Зэвсэгт хүчний ахмад Г.Жавхлантөгс, ахмад Н.Дэлгэрмаа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүрийг энэ үеэр гардуулан өгсөн нь залуу офицеруудын нийгмийн хамгааллыг бодитой дэмжих замаар ажил албандаа хандах хандлага, урам зориг, албаараа бахархах итгэл үнэмшлийг төрүүлсэн үйл явдал болсон юм.
Дээрх чуулганаар “Залуу офицеруудын манлайлал, хөгжил, нийгмийн оролцоо” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнүүлэн, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын хөгжил ба манлайлал” нэгдсэн илтгэлийг танилцуулж, “Залуу офицеруудын нийгмийн асуудал, манлайлал, хөгжлийн талаарх социологийн судалгааны дүн”-г танилцуулан дэд чуулган болон эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, дүгнэлт, уриалгыг удирдлагуудад гардуулав.
Эх сурвалж: https://police.gov.mn/