МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр /2021.12.23/ зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, тус албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон албаны зөвлөлийн гишүүд алба хаагчид оролцлоо.
Тайлангийн хуралд энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ирэх онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”, “Тэргүүний нэгж, хамт олон”-оо шалгаруулан шагнаж, урамшуулав.
- “Ажил, мэргэжлийн аварга Жижүүрийн офицер”-оор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн ахмад П.Цэндсүрэн;
- “Ажил, мэргэжлийн аварга Мэдээллийн технологи, харилцаа холбооны инженер, техникийн ажилтан”-аар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн теле хяналтын ашиглалт хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгөлдөр;
“Ажил, мэргэжлийн аварга Статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгааны ажилтан”-аар Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Ганзул;
“Ажил, мэргэжлийн аварга Захиргаа, санхүү, архивын ажилтан”-аар Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Батзориг;
“Ажил, мэргэжлийн аварга Мэдээлэл хүлээн авагч”-аар Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар;
“Ажил, мэргэжлийн аварга Бусад ажилтан”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн үйлчлэгч Р.Жавхлан;
“Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Тэргүүний нэгж, хамт олон”-оор цагдаагийн дэд хурандаа Ц.Батмөнх даргатай Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тус тус шалгарлаа.
Энэ онд тус албанаас алба хаагчийн ажил, үйлчилгээг хялбарчлах, иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг ойртуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвтэй хамтран Жолоодох эрхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системийн шинэчлэх ажлын хүрээнд “Авто сургуулийн систем”, “Жолоочийн шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох систем” системүүдийг шинээр боловсруулж туршилт хийн, энэ оны 12 дугаар сард багтаан үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Системүүдийг нэвтрүүлснээр жолооч бэлтгэх сургалтын төвүүдээс цаасаар авч шивдэг байсан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, хөтөлбөр хангасан суралцагчийг системээс автоматаар шалгалтын хуваарьт оруулах, шалгалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг сургалтын төвүүдэд өгөх, шалгалтад тэнцсэн суралцагчдыг шууд жолооч болгож бүртгэх зэрэг дотоод үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж алба хаагчдын ажлын ачаалал эрс буурах боломж бүрдэнэ.
-Гэмт хэрэг, зөрчлийн тохиолдлыг баримтжуулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэнд заавар зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгай дугаарын 102 утсанд дуудлага, мэдээлэл ирүүлсэн иргэний гар утасны камерын дүрсийг харж, иргэнтэй харилцах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Иргэдийн өөрсдийн зөвшөөрсний дагуу интернэт сүлжээний тусламжтайгаар дүрст дуудлага хийх, мэдээлэл хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлэн, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 30 иргэнтэй холбогдон дуудлагыг хүлээн авч ажилласан.
-Үндэсний дата төвийн төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын сервисийг ашиглах хүсэлтийг тус төвд хүргүүлж, холбогдох эрх, зөвшөөрөл, токенийг цахимаар хүлээн авч, дуудлага, хүлээн авах программыг тоон газрын зургийн системтэй холбож, Улаанбаатар хотын газрын зураг, хаягжилтын системийг ашиглах боломжийг бүрдүүлсэн зэрэг онцлог ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Ирэх онд “Цагдаагийн байгууллагын системийн динамик загвар (Т21)”-ыг “ARCGIS”-тэй хослуулан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-721/-ын хүрээнд Дүн шинжилгээ, судалгаа багуудын оролцоог нэмэгдүүлж, дээрх программуудыг нутаг дэвсгэр хариуцсан нэгжүүдэд нэвтрүүлж хэвшүүлэх;
-Судалгаа, дүн шинжилгээ хийдэг ижил чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, орчин үеийн дэвшилтэд техник, технологи бүхий хиймэл оюун ухаанд суурилсан судалгаа, дүн шинжилгээний чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллах;
-Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүдийн дүн шинжилгээ, судалгааны багийн гишүүдийг дүн шинжилгээ судалгааны чиглэлээр мэргэжүүлэх, судалгааны арга зүйд сургаж чадавхжуулах;
-Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, “Кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг журам”-д нийцүүлэн цагдаагийн байгууллын үйл ажиллагааны журмыг шинэчлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана.
Тайлангийн хуралд 42 байршлаас 300 алба хаагч цахимаар хамрагдлаа.
---ооОоо---