• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ӨРГӨН БОЛОМЖИЙГ АШИГЛАН АЛБА ХААГЧДАА МЭРГЭШҮҮЛЛЭЭ

2021-12-25
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ӨРГӨН БОЛОМЖИЙГ АШИГЛАН АЛБА ХААГЧДАА МЭРГЭШҮҮЛЛЭЭ

Цагдаагийн төв байгууллагаас Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад байгууллагаас батлан гаргасан хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан алба хаагчдын сургалтын хэрэгцээ, шаардлагад үндэслэн жил бүр “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэн ажилладаг.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын 60.7 хувь нь бакалавр, 18.1 хувь нь магистр болон докторын зэрэгтэй бөгөөд 85.7 хувь нь эрэгтэй, 14.3 хувь нь эмэгтэй, 85.6 хувь нь 20-35 насны алба хаагчид байна.

Алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор "Хүний эрх ба цагдаа" сэдэвт бүсчилсэн сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран улсын хэмжээнд 44 нэгжийн 2517 алба хаагчийг хамруулж, 62 алба хаагчийг сургагч багшаар бэлтгэсэн.

Алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, хууль хэрэглэх чадвар, хүний эрхийн мэдрэмжийг сайжруулах, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор 2021 онд Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Удирдлагын академи, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зэрэг 11 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 136 удаагийн дадлагын болон зайн сургалтыг зохион байгуулж, 9865 алба хаагчийг хамруулсан байна.

Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан техник, технологийн өргөн боломжийг ашиглан өндөр хөгжилтэй улс орнуудын ижил чиг үүрэгтэй байгууллагуудаас сургагч багш нарыг урьж, үндэстэн дамнасан, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, кибер, цахим гэмт хэрэг, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, хүн худалдаалах, соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг мэргэшүүлэх богино хугацааны 21 удаагийн сургалтад 1252 алба хаагчийг хамруулж, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан.

Онцлог сургалт: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах”, “Үйл ажиллагаандаа мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах” гэсэн зорилтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны, ахлагч бүрэлдэхүүний, офицер бүрэлдэхүүний 2021 оны сургалт, зөвлөгөөнийг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээллийн технологийн өргөн боломжийг ашиглан цахимаар амжилттай зохион байгуулж, анги, байгууллагын 54 байршлаас бүх шатны 512 удирдах ажилтан, 2688 ахлагч, 3671 офицер бүрэлдэхүүнийг хамруулсан нь оролцогчдын тоо 4-5 дахин илүү бөгөөд тэдний цаг хугацаа, орон зай, төсөв зардлыг хэмнэсэн төдийгүй байгууллага, алба хаагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүй, алба хаагчдын аюулгүй байдлыг хангасан зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм.

Цагдаагийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай, алба хаагчдын ачаалал өндөр байгааг төр засгийн удирдлагууд дэмжиж,  Монгол Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар цагдаагийн байгууллагад 650 орон тоо, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр криминологи судалгаа, сүүлийн үед үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдалд үндэслэн  Экологийн цагдаагийн алба, Шөнийн эргүүлийн хэлтэс, Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг байгуулж, иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан, өндөр ачаалалтай ажилладаг хэсгийн байцаагч, замын цагдаагийн зохицуулагч нарын орон тоог нэмэгдүүлснээр цагдаагийн ажил, үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломж бүрдсэн.

Дээрх алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2021 онд “Экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт”, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн ажил хариуцсан алба хаагчдын нэгдсэн сургалт”, “Тээврийн цагдаагийн алба хаагчдын мэргэшүүлэх сургалт”, “Хүний эрх ба цагдаа” бүсчилсэн сургалтуудыг эрэлт, хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, зүйлчлэл нэг мөр болсон юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагын хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран “Цагдаа”, “Цагдаа жолооч”, дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжил олгох сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд төрийн тусгай албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, элсэлтийн шалгалтад тэнцсэн 1620 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулж, хүний нөөцийн нөхөн хангалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Цагдаагийн үйл ажиллагааг чанартай, соёлтой, түргэн шуурхай хүргэх, иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг, иргэний хяналтад тулгуурлан хөгжүүлэхийн тулд алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар, харилцааны соёлыг илүү ихээр хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллахын зэрэгцээ Удирдлагын академийн Төрийн албаны сургуультай хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын газар, хэлтэс, анги, төвийн дарга, захирагчийн албан тушаалд ажиллаж буй 192 удирдах ажилтныг мэргэшүүлэх багц сургалтад хамруулснаар удирдлагын манлайлал, стратегийн менежмент, эрсдэлийн удирдлагын аргуудаас суралцаж, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, шинэлэг санал, санаачилга гаргасан ач холбогдолтой сургалт болсон юм.

Дотоод болон гадаадын улс орны их дээд сургууль, академид алба хаагчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх сургалтын талаар: Цагдаагийн төв байгууллагаас хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар, боловсролын түвшинг дээшлүүлэх зорилгоор дотоод болон гадаадын их дээд сургууль, академид мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжлээр сургахад тогтмол анхаарч, Дотоод хэргийн их сургуульд 222, АНУ-1, БНХАУ-1, ОХУ-72, БНУУ-2, БНСУ-3, БНТУ-5 нийт 311 алба хаагчийг бакалавр, магистр, доктор, адъюнктур удирдлагын магистрын сургалтад суралцуулж байна.

Ажлын байрны сургалтын талаар: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг алба хаагчдад судлуулах, зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, нутаг дэвсгэрийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 318 удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 9897 алба хаагчийг хамруулсан.

Шинээр батлагдсан, нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн актын талаар алба хаагчдад тухай бүр мэдээлэл хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай Засгийн газрын 42 тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтран баталсан 69 тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан 52 тушаал, Улсын Ерөнхий прокурорын 19 тушаалын жагсаалтыг гаргаж, холбогдох эрх зүйн актуудад баяжилт хийж, тухай бүр цагдаагийн байгууллагын www.police.gov.mn, www.system.police.gov цахим хуудсанд тус тус байршуулж, алба хаагчдад тухай бүр мэдээлэл хүргүүлэхийн зэрэгцээ Police-Sop аплейкшнд хууль, дүрэм, журмуудыг байршуулж, алба хаагч бүр гар утаснаасаа шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг судлах бүрэн боломжийг бий болгосон.

Мэдлэг ур чадварыг дээшлүүлэх давтан, мэргэшүүлэх сургалтын талаар: Цагдаагийн төв байгууллагаас 2021 онд “Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх давтан, мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”- дагуу 112 төрлийн 147 удаагийн сургалтын 68 нь танхимаар, 51 нь зайнаас буюу Цагдаагийн байгууллагын сургалтын нэгдсэн сан “Moodle” программаар, 28 нь онлайнаар буюу цахимаар тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 136 удаагийн 3245 цагийн сургалт зохион байгуулж, 1849 иргэн, 14258 алба хаагч, нийт 16107 алба хаагч, иргэнийг тус тус хамруулсан.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг баримтлан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах,  хадгалах, аюулгүй ажиллагаа”-ны 26 удаагийн сургалт зохион байгуулж 916, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсээс 933, нийт 1849 иргэнийг хамруулж, галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтын агуулга, төлөвлөгөөг хангасан цэрэг, цагдаагийн дээд сургууль төгссөн, спорт-буудлагын холбооны гишүүн 366, нийт 2215 алба хаагч, иргэнийг сургалтад хамруулж, гэрчилгээ олгосон байна.

Сургагч багш бэлтгэх сургалтын талаар: Алба хаагчдын үйл ажиллагааг мэргэшүүлэх, сурган зааварчлах зорилгоор сургагч багш бэлтгэх 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, 220 алба хаагч хаагчийг сургагч багшаар бэлтгэсэн.

Ёс зүйн сургалтын талаар: “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч нарт “Ёс суртахуун-төлөвшил хандлага” сэдэвт сургалтыг Хувь хүний хөгжлийн институттэй хамтран 4 удаа зохион байгуулж, 517 алба хаагчийг хамруулснаар мэргэжлийн болон ёс зүйн зөрчил дахин гаргахаас урьдчилан сэргийлэх онцлог сургалт болсон.

Сургалтын богино хэмжээний видео гарын авлагын талаар: Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, харилцаа хандлагатай холбоотой бодит жишээ кейсд тулгуурласан 32 видео цуврал сургалтын материалыг боловсруулж, алба хаагчдад цахим хэлбэрээр хүргэсэн нь орон зай, цаг хугацаа, төсөв санхүүг хэмнэсэн олон талын ач холбогдолтой болсон төдийгүй сургалтын материаллаг бааз бий болсон.

Эх сурвалж:https://police.gov.mn/