• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АХЛАХ АХЛАГЧ Ж.БАТ-ЭРДЭНЭ: ААВ БОЛСОН ӨДРӨӨ АНХ ЦУСАА ӨГЧ БАЙСАН

2021-10-22
АХЛАХ АХЛАГЧ Ж.БАТ-ЭРДЭНЭ: ААВ БОЛСОН ӨДРӨӨ АНХ ЦУСАА ӨГЧ БАЙСАН

Хууль зүй, дотоод хэргийн яамны 110, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний үеэр цусаа 11 жил бусдад хандивласан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Анх хэзээнээс цусаа өгч эхэлсэн бэ, ер нь яагаад цусаа хандивлая гэж шийдсэн бэ?

Анх 2010 онд аав болж байсан. Эхнэр минь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Эх нялхас/-д амаржсан юм. Эмнэлэгт эхнэрээ амаржихыг хүлээж байхад нэгэн эцэг, эх хүүхэд нь цус багадалттай төрсөн гээд их сандарч тэвдсэн байсан. Тэгэхэд л анх аав болсон өдрөө цусаа хандивлаж, нэгэн бяцхан зүрхэнд бас амьдрал бэлэглэж байсан даа.Тухайн үед харж байснаар төрсөн эхчүүд цус багадалттай, цусны дутагдалд ордог юм байна лээ. Тэрийг хараад цусаа өгье гэж бодсон.  Одоогоор 60 гаруй удаа цусаа хандивласан байна. 10 гаруй жил тасралтгүй  цусаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлж байна. Нэг өгөхдөө 350-400 грамм цус өгдөг.

Ер нь цусаа тогтмол өгч байх нь ямар ач холбогдолтой вэ?

Хариу нэхээгүй тус юм даа. Нөгөө талаараа бие махбод маань их эрүүл болдог. Мөн цусаа өгөхийн тулд биеэ маш сайн бэлддэг. Цагаан идээ, халуун ногоо, газтай ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэх мэт. Мөн эм тариа ч хэрэглэхгүй. Тэгж байж л эрүүл цус өгнө. Тэр нь эргээд хүнд хэрэг болно. Яахав ээ, цусаа бэлэглэснээр  бие махбод сульдана, амархан ядардаг болно гэх мэтийн ойлголтууд олны дунд байдаг. Цусаа өгснөөр хүний бие махбод улам л нөхөн төлжиж, эрүүл болдог. Түүнээс биш өвдөж, зовоод байх зүйлгүй. Харин цусаа буцаад төлжүүлэхийн тулд ногоо хүнс гээд витаминтай зүйл хэрэглэх ёстой.

Та хэд хүртлээ цусаа өгнө гэж боддог вэ? Мөн залуустаа уриалаад юу хэлэх вэ?

Хэдэн нас хүртлээ өгөх боломжтой байна тэр хүртлээ л өгье гэж бодож байна. Ер нь 18-60 насны хэн ч цусаа өгөх боломжтой юм байна лээ.

Миний өгч буй цус маш олон хагалгаанд хэрэг болдог байх. Үүнийгээ би их том баатарлаг гавьяа гэж ойлгохоосоо илүү иргэнийхээ үүргийг биелүүлж буй нэг хэлбэр гэж боддог доо. Мөн Монгол Улсынхаа төлөө зүтгэе гэж тангараг өргөсөн алба хаагчийн хувьд улс, эх орондоо энхийн цагт хийж өгөх тус энэ л юм даа /инээмсэглэв/.  Одоогийн залуус их ухамсартай, бусдад тусалъя гэсэн чин сэтгэлтэйг цусны төвд очиж цусаа өгөх бүрдээ хардаг. Тиймээс дан ганц залуус гэхгүй эрүүл Монгол хүн бүр цусаа бусдад харамгүй бэлэглэж,  улсынхаа цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангахад туслалцаа үзүүлээрэй гэж уриалмаар байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:https://police.gov.mn/