ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР: ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ ЦАЛИН ШҮҮХ, ПРОКУРОР, ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧИДТАЙ ХАРЬЦУУЛАХАД 1.5-3 ДАХИН БАГА БАЙДАГ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, хангамжийн үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны үйл ажиллагаа, чиг үүргийн талаар ярилцлагаа эхэлье.
-Санхүү, аж ахуйн алба нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, байгууллагын жилийн төвлөрсөн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төсөв, санхүүжилтийг хуваарилах, зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, барилга, байгууламж барих, дүрэмт хувцас, материал, техник, тусгай хэрэгсэл худалдан авах ажиллагаа зэрэг бүх төрлийн хангалт, үйлчилгээг зохион байгуулах, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төсвийн зарцуулалтад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл, манай хамт олон аймаг, нийслэл дэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, хангалтын ажил маш олон төрөлтэй, цагдаа, дотоодын цэргийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэвийн тасралтгүй, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төсөв, санхүүгийн, техник, технологийн, дүрэмт хувцасны, хүнсний, тээврийн хэрэгслийн, зэвсэг, тусгай хэрэгслийн, холбооны, шатахууны, эмнэлэг, сувиллын, барилга, засвар тохижилтын гээд маш олон төрлийн ажил үйлчилгээг нэгтгэн зохион байгуулдаг хариуцлагатай алба .
Бид хуулиар хүлээсэн энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Санхүүгийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Автобааз, Хангалт, үйлчилгээний төв, “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал зэрэг таван үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Цагдаагийн байгууллагын төсөв хөрөнгийн хүрэлцээ хэр байдаг вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалж, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд төсөв хөрөнгө нэлээд шаардагддаг.
Сүүлийн жилүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж ашиглах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засаг хүндхэн энэ үед төр засгаас анхаарч, УИХ-аас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 оны төсвийг өмнөх оноос 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, 650 алба хаагчийн орон тоог нэмж, 13.4 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгснөөр бид хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлэх нөхцөл боломж бүрдэж байна.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг ажил, үүргээ гүйцэтгэхэд шаардагдах автомашин, техник хэрэгслийн хүрэлцээ, парк шинэчлэлт ямар түвшинд байна вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад долоон улсын 72 загвар бүхий албаны болон тусгай зориулалтын 1100 гаруй тээврийн хэрэгсэл ашиглаж байна. Манай байгууллагад ашиглагддаг автомашинуудын хувьд 24 цагаар тасралтгүй эргүүл, жижүүр, дуудлагад явдаг тул тээврийн хэрэгслийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа нэн тэргүүнд тавигддаг.
Бид анх удаа 3-4 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах таван нэр төрлийн буюу нийт автомашины 30.0 орчим хувийг шинэчилж байна. Энэ нь сүүлийн хэдэн арван жил байгаагүй хэмжээний парк шинэчлэлт болж байна.
Мөн хүн, малын гоц халдварт өвчин гарсан, байгалийн гамшиг тохиолдсон үед хорио цээрийн дэглэм сахиулах, авран хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн замд эргүүл, хяналт шалгалтаар ажиллах үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ОХУ-ын “Газель” үйлдвэрийн VAN маркийн ачааны дөрвөн автомашиныг тусгай тоноглолтой болгож, явуулын болон 21 зөөврийн сууц тус тус бэлтгэн үйл ажиллагаандаа ашиглаж байна.
-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцсыг бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчийн оролцоо хэр байдаг вэ?
-Цагдаагийн алба хаагчид Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолоор, Дотоодын цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81, 2018 оны 175 дугаар зарлигаар тус тус баталсан загварын дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг.
Бид цагдаа, дотоодын цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын 2021 оны хэрэгцээт дүрэмт хувцсыг бэлтгэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, бусад дагаж мөрдөх журамд нийцүүлэн Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 86 нэр төрлийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материалыг гүйцэтгэгчээр шалгарсан дотоодын 47 (давхардсан тоогоор) аж ахуйн нэгж, байгууллагаар бэлтгүүлж байна.
Цагдаагийн байгууллага нь сүүлийн таван жилд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ноосон малгай, ноосон цамц, ноосон ороолтыг малын гаралтай үндэсний түүхий эд болох хонины ноосоор, ноосон хантаазыг тэмээний ноосоор, савхин дээл, бээлий, хүрмийг хувцасны зориулалттай боловсруулсан ямааны арьсаар, тоногтой суран бүс, тэлээг жижиг эдлэлийн зориулалтаар боловсруулсан үхрийн ширээр, цегейк захтай, нэхий дотортой өвлийн хүрмийг дотрын зориулалттай боловсруулсан хонины нэхийгээр, өвлийн дотортой болон зуны гутлын дээд бие болон дотрын зориулалтаар боловсруулсан үхрийн шир, илгэн арьсаар тус тус үйлдвэрлүүлж, нормын хувцсанд хуваарилсан төсвийн 82-98 хүртэлх хувийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулсаар ирлээ.
Мөн алба хаагчдын дүрэмт хувцасны материалын шинж чанарыг сайжруулахад онцгой анхаарч, материалын өнгөний кодыг тогтоох, техникийн шаардлага, стандартыг боловсруулах ажлыг ШУТИС-ийн “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн”-тэй хамтран хэрэгжүүлж байна.
-Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний багт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Алба хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан төр, засгийн шийдвэрийг хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдлын нэг, хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.
Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэсгийг байгуулан ажиллуулахын зэрэгцээ байгууллага, алба хаагчийн болон тэдний гэр бүлийн гишүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээ авах, зөвлөгөө зөвлөмж өгөх, ажлын байр, өрөө тасалгааг ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг олон талт арга хэмжээ авах чиг үүрэг бүхий мэргэжлийн алба хаагчдаас бүрдсэн “Цагдаагийн түр хүрээ”-г Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулан ажиллуулсан.
Цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагчдыг коронавирусийн халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх вакцины I, II, III тунд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, халдвар хамгааллын хувцас, эм, хэрэглэл, хоол хүнс, алба хаагчдын дархлааг дэмжих бүтээгдэхүүнээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Түүнчлэн цар тахлын онцгой үед ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдынхаа эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, халдвар хамгааллыг сайжруулахын тулд алба хаагчдад шаардлагатай эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж халдвар хамгааллын хувцас /нэг удаагийн комбинзон, нүдний шил, нүүрний болон амны хаалт, малгай, улавч, бээлий, гар ариутгагч/ зайнаас биеийн халуун хэмжигч, шүршигч /автомакс/ зэргийг худалдан авч нөөц бүрдүүлэн, шаардлагатай нэгжүүдэд хуваарийн дагуу тараан олгож байна.
-Цар тахалтай холбоотойгоор улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Манай улс ч ялгаагүй. Цагдаагийн байгууллага өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Алба хаагчдын ажиллах орчин, урам зоригийг сэргээх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулав?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Короновируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад урамшуулал олгох тухай” 179, 196 дугаар тогтоолын дагуу цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800 000 төгрөг олгосон.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагад хуваарилсан 108 сая төгрөгөөр цар тахлын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн 353 алба хаагчийг шагнаж, урамшуулсан. Мөн гадаадын иргэдийн тусгаарлах байрны хамгаалалтад ажилласан 240, гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийн хамгаалалтад ажилласан 684, нийт 924 алба хаагчид үндсэн цалин болон хоолны зардлаас гадна ажилласан хоногийг харгалзан 50 000-600 000 төгрөг буюу нийт 203 сая төгрөгийн урамшуулал олгосон.
Түүнчлэн батлагдсан төсөвтөө багтаан бие бүрэлдэхүүнээ үндсэн цалингийн 20 хувиар урамшуулан, шөнийн ээлжид эргүүл, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хоногийн хоолны зардлыг нэг дахин нэмж 10 000 төгрөг болгон шинэчилсэн.
Мөн албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа халдвар авсан болон ачаалалтай ажилласан алба хаагчдыг нөхөн сэргээж, сувилах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн үнээр 450 гаруй алба хаагч, ажилтныг “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд сувилуулах ажлыг зохион байгууллаа. Одоо ч алба хаагч, ажилтнуудыг хүлээн авч сувилж байна.
-Дээрх ажил, арга хэмжээнд зарцуулагдаж байгаа төсвийн хөрөнгөд хэрхэн хяналт тавьдаг бол?
-Үндэсний аудитын газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2020 оны төсвийн гүйцэтгэл, нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын шалгалт хийж, харьяа 17 байгууллагыг шалган, нийслэл, орон нутгийн 35 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлттэй шалгагдсан.
Мөн тус албанаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг жил бүр хэсэгчлэн шалгах хуваарь гарган ажилладаг. Энэ онд хуваарийн дагуу Архангай, Дархан-Уул, Дорнод, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн дотоод хяналт шалгалт явуулж цалин, хөлс бодолт, анхан шатны баримтын бүрдүүлэлт, шатахууны тооцоо бодолт, аж ахуйн ажилтны заавал хөтлөх баримтын талаар зөвлөгөө өгч илэрсэн алдаа, зөрчлийг арилгах зөвлөмж боловсруулан хүргүүлж, биелэлт үр дүнг тооцож байна.
-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид цаг наргүй, ачаалал ихтэй ажилладаг шүү дээ. Хүний эрхийн үндэсний комиссоос цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, цалин хангамжийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж байсан санагдаж байна. Алба хаагчдын цалин хангамжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч байгаа вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны цалин шүүх, прокурор, хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчдынхтай харьцуулахад 1.5-3 дахин бага байдаг. Бид энэ зөрүүг аль болох багасгах арга замыг байнга эрэлхийлж, жил бүрийн төсөвт тусган, эрх бүхий байгууллагад танилцуулдаг.
Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл”-ийг бүрэн олгох талаарх танилцуулга, мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн зөвшөөрөл авч, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүнд, мөн оны наймдугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг олгож байна.
Мөн Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан ТТ-7 цалингийн шатлал, зэрэглэлээр цалинжиж байгаа алба хаагчдын цалинг ТТ-8 цалингийн шатлал, зэрэглэлд шилжүүлж, алба хаагчдын цалинг 50.0-250.0 мянган төгрөгөөр нэмсэн
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, төрийн тусгай алба хаагчдын хөдөлмөрийн харилцаанд үүсээд байгаа ялгамжтай байдлыг арилгах зорилгоор захиргааны болон бусад чиг үүрэг гүйцэтгэн ажиллаж буй алба хаагчдын ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох зохицуулалтыг тусгуулахаар Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алба хаагчдыг гэнэтийн осол, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын
үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, өнөөдрийн байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж, гэмтсэн 69 алба хаагчид 76.2 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгуулаад байна.
-Цагдаагийн байгууллагаас шинээр барьж байгаа барилга, байгууламжийн талаар танилцуулахгүй юу?
-Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон байраар хангах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Мөрдөн байцаах алба, аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн конторын 25 барилга, сум сууринд 330 хэсгийн төлөөлөгчийн байр /кобан/-ны барилга барьж ашиглалтад оруулсан. Энэ онд кобаны барилга барихгүй, харин ашиглалтын шаардлага хангахгүй Увс аймгийн Улаангом, Өмнөговь, Бөхмөрөн сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Асгат, Завхан аймгийн Отгон сумын нийт зургаан кобаныг 960 сая төгрөгийг төсөвт өртгөөр барих саналыг 2022 оны төсвийн төсөлд тусгуулахаар хүргүүлээд байна.
-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулах чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байгаа бол?
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, албандаа хандах хандлагыг сайжруулах, ар гэрт нь тусламж дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд зах зээлийн өртгөөс хямд, чанартай орон сууцаар хангах ажлыг 2000 оноос хойш эрчимтэй хэрэгжүүлснээр орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн 30 цэг байршилд баригдсан 4-16 давхар 52 блок орон сууцанд нийт 2685 алба хаагч, ажилтныг хамруулаад байгаа.
Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны А/50 дугаар тушаалаар алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах Хангалт, үйлчилгээний төвийн урд 780 айлын “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын ажлыг эхлүүлж эхний I, II, III ээлжийн 540 айлыг орон сууц 2017-2020 онд барьсан бол төслийн IV дүгээр ээлжийн 240 айлын орон сууц, 240 айлын хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2021 оны I улиралд ашиглалтад оруулсан. Энэхүү төслийн барилгын ажлын хүрээнд төв замаас хотхон хүртэлх 6.0 м өргөнтэй, явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий хатуу хучилттай 0.85 км автозам барьж ашиглалтад оруулсан.
Цаашид алба хаагчдыг зах зээлийн өртгөөс хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс орон сууцны эрэлт, хэрэгцээний талаарх судалгааг авч, тухайн ажлын хүрээнд орон сууц барих газрыг шийдвэрлүүлэхээр төрийн захиргааны байгууллагад хандан ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа, танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье.