• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ЭНХЧИМЭГ: ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 1365 НЭГЖЭЭР БУЮУ 84 ХУВИАР ӨССӨН БАЙНА

2021-07-09
ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ЭНХЧИМЭГ: ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 1365 НЭГЖЭЭР БУЮУ 84 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Цахим орчинд гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

Сүүлийн үед цахим орчинд ямар төрлийн гэмт хэрэг, зөрчлүүд ихээр гарч байна вэ? Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд бий болж буй харилцаа холбооны томоохон орон зай бөгөөд энэхүү орон зайд худал мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, зүй бус үйлдэл гаргах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлуудаас бусдын эрх чөлөөг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Сүүлийн үед цахим орчинд дараах агуулга бүхий гэмт хэрэг, зөрчил ихээр гарч, иргэд хохирогч, холбогдогч болж байна. Үүнд:

-Иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч мөнгө шилжүүлж авах, хууль бус аргаар олж авсан мөнгийг тоглоомын хэрэгсэл буюу item болгох, 1xbet.com зэрэг бооцоот тоглоомын сайтууд дахь дансаа цэнэглэх, криптовалют арилжааны сайтууд руу шилжүүлж биткойн болон бусад төрлийн криптовалют болгох зэргээр цэвэршүүлэх.

-Гадаад улсын гэмт бүлэглэлүүд фэйсбүүк орчинд залилах хууль бус үйл ажиллагаа явуулах зорилгоор хуурамч хаягаас Монгол хэл рүү хөрвүүлсэн зээл олгох зар байршуулж, холбогдсон иргэдийг залилах, мөн зарим иргэдийг ажилд авна гэж итгүүлэн түүний Монгол дахь банкны дансыг хууль бус үйл ажиллагаандаа ашиглах.

-Фэйсбүүк орчинд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд орох, интернэт орчинд эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүйгээр ашиглан хуурамч хаяг үүсгэж, садар самуун контент борлуулах замаар нэр хүндэд халдах, садар самуун сурталчлах.

-Олон нийтийн сүлжээ фэйсбүүк, твиттер, клабхаус орчинд иргэд өөрсдийн цахим хаягаараа дамжуулан улс оронд өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн шинжтэй, батлагдаж, нотлогдоогүй худал мэдээллийг цахим орчинд түгээх, өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлээр бусдын нэр төр, алдар хүндэд халдах, иргэдийг жагсаал цуглаан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд уриалан дуудах, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл, гүтгэлэгийн шинжтэй хууль бус үйлдэл ихээр гарч болзошгүй байна.

Мөн сүүлийн жилүүдэд иргэдийн дунд виртуал хөрөнгийн ойлголт хүчтэй бий болж, түүнд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаатай холбоотой залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нэмэгдэх чиг хандлагатай байна.

Энэ онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хэдэн үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бэ? Танай албанаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байна вэ?

Улсын хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар залилах гэмт хэрэг 3612 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 121 нэгжээр буюу 3.4 хувиар, үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 1613  бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1365 нэгжээр буюу 84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Мөн 2021 оны эхний 5 сард Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 75 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 нэгжээр буюу 11.9, Хүүхэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 6 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 20 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж ирсэн. Тус албанаас цахим орчинд хууль бус үйл ажиллгаа явуулсан фэйсбүүк хаяг, групп, хуудасны мэдээллийг устгуулах, хаалгах хүсэлтийг тухай бүр Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлж ажилладаг. 

Энэ оны эхний 6 сард Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 /Биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах/,13.14 дугаар зүйл /Худал мэдээлэл тараах/, 16.9 /Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах/, 19.9 дүгээр зүйл /Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дахь хэсэг /Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль/-т тус тус заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан 509 фэйсбүүк групп, хуудсыг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан ба одоогийн байдлаар 125 хаягийг устгуулж, 384 хаяг хүлээлгэнд байна.

Цахим орчинд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд хяналт тавьж, сэжигтэй этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гэмт хэргийн шинжтэй 405, зөрчлийн шинжтэй 200 мэдээллийг тус тус олж тогтоон харьяа Цагдаагийн алба, нэгжүүдэд хүргүүлж бүртгэл судалгаанд авч ажилласан.

Иргэд яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байна вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хүргэвэл:

Иргэдийн цахим хаягт ирсэн хуурамч и-мэйлийг хүлээн авах, гар утсаар ирүүлсэн мессэж, утасны дуудлага авах гэх мэт олон аргаар иргэд цахим хаяг, кредит картны мэдээллийг хэн нэгэн этгээдэд алдсанаар залилах, нэр төрд нь халдах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн хохирогч болж байдаг.

Ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байдаг. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. И-мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг заавал шалгаж байх нь хэрэгтэй.

Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг. Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвших, хэн нэгнээс ирүүлсэн линк, холбоосруу нэвтэрч орохгүй байх.

Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаггүй, юу хийж, хэнтэй харилцаж байгааг мэддэггүй, хараа хяналтгүй байдал, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэг дутмаг, итгэмтгий, хайнга байдал зэрэг нь цахим орчинд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох шалтгаан болж байгаа тул хүүхдийнхээ цахим орчинд байнга хяналт тавьж, ярилцаж, мэргэжлийн байгууллагын ажилтан бусад хүмүүсээс зөвлөгөө авч цахим орчинг зөв ашиглах талаар хүүхдэдээ шаардлага тавьж байх.

Эцэст нь иргэд та бүхэн цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй өгч, хамтран ажиллах шаардлагатай байна.

Ярилцсанд баярлалаа.