ХОЁР ЗҮРХ НЭГ СЭТГЭЛЭЭР ЭНЭ АЛБАНДАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ БАЙНА
Зүүний үзүүр дээр ганц будаа тогтох шиг
Зүйрлэшгүй сайхан тохиолоор хүмүүний биеийг олдог бол түүнээс ч ховор тохиолоор зүүний үзүүр дээр нэг биш хоёр будаа тогтож ховорхон, хувь заяагаар энэ орчлонд ээжээ гэж цуурайтуулан хоёр амь мэндэлжээ
Тэр олон эсүүдээс ганц нь л хүн болдог бол
Тэр их тэмцлээс л хоёр амь бүрэлдэж хоёр биенээ түших гэж төрсөн байх.
Тийм ч учраас энэ хувь заяандаа эзэн нь байж зөвхөн хоёр биенээ хамгаалах бус Өөрт заяасан амиа бусдынх мэт хайрлаж
Өрөөл бусдын амийг өөрийнх юм шиг хамгаалж явахаар энэ албандаа хоёр зүрх нэг сэтгэлээр зүтгэж байгаа ихэр алба хаагчид болох цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан, цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан нартай ярилцлаа.
Цагдаагийн алба хаагчид “Хүүхэд насаа дурсъя” челлэнж зарласан. Үүнд та хоёрын нийтэлсэн зураг их хандалт авч, хүмүүс их эерэгээр хүлээж авсан та хоёр хүмүүсд хэрхэн хүрнэ гэж төсөөлж байв?
Бид хоёр зүгээр л нэгэн алба хаагчийнхаа дуудлагаар тус челлэнжэд нэгдэж зургаа постлосон. Ингэж их хүмүүсд хүрч, эерэгээр хүлээж авна гэж төсөөлөөгүй. Хөөх ихэр цагдаа байдаг юм уу? гэж гайхах хүмүүс их байсан. Бидний нийтэлсэн зургийг Хэвлэл, мэдээллийн төв маань цахим хуудастаа байршуулсан нь илүү их хүмүүст хүрсэн байх.
Хүүхэд насаа дурсъя гэснээс хүүхэд байхдаа хэр сахилгагүй байв?
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан: Ер нь бол нэлээд хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан шүү. Ихэр болохоор ч тэр үү хүмүүс их өхөөрддөг байсан. Бага байхад бид хоёрыг томчууд их өхөөрдөж амттан авч өгч, гэртээ их оруулдаг байсан. Гарахдаа дандаа өрөөсөн оймсгүй, томдсон өвдгөө хүрсэн оймс өмсөөд л гэрээс нь гардаг байлаа. /инээв/ Ихэр хүүхдийн өрөөсөн оймсоор дом хийдэг байсан болохоор тэр байх. Ер нь бага байхдаа хос оймстой байж үзээгүй дандаа л өрөөсөн нь байхгүй болчихдог байсан.
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан: Яагаад заавал хос оймсны өрөөснийг нь авдаг байна аа, өрөөсөн байгааг нь авчихаж болдоггүй юм байхдаа гэж их боддог байсан. Эсвэл хос оймсыг нэг нэгээр нь авчихгүй дандаа хос байгааг нь салгаад авчихдаг байсан. Ихэр болж төрнө гэдэг оймс нь хүртэл од болдог тийм л азтай хувь тавилан юм байна гэж сүүлд нь л ойлгосон доо. /инээв/
Ихрийнхээ өмнөөс шалгалт өгөх, болзоонд явах ч юм уу тийм үе байсан уу?
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан: Үгүй ээ ёстой тэгж үзээгүй. Арван жилд нэг сургууль, нэг анги байсан цэрэгт хүртэл хамт явж байсан, тусдаа байж үзээгүй болохоор тийм боломж ч гарч байгаагүй. Гэхдээ яагаад энэ талаар бодож байгаагүй юм болоо. /инээв/ Магадгүй бодож байсан ч зориг хүрээгүй байх.
Та хоёр яагаад ижил мэргэжил сонгох болсон бэ? Хоёулаа цагдаа болно гэж боддог байсан уу?
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан: Өмнө нь би эмч болно гэж ярьдаг байсан. Аав ээж хоёр маань хоёулаа эмнэлгийн байгууллагад ажилладаг байсан болохоор ч тэр үү эмч болно л гэж боддог байсан. Ихэр маань харин бага байхын л цагдаа болно гэж ярьдаг байсан. Бид хоёр ярилцаж байгаад тэгээд л цагдаа болохоор шийдсэн. Надад нөлөөлж бодлыг маань өөрчилсөн гэх үү дээ. Бид хоёр анх 2007 онд Дотоодын цэргийн 05-р ангид цагдаа дамжаагаар дамжин, Цагдаагийн академид 6 сарын курст суралцаад 2008 онд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст томилогдож байсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл цагдаагийн албанд зүтгэж байна. Би 2017 онд Тээврийн цагдаагийн албаны Хамгаалалтын хэлтэст цагдаа зохицуулагчаар шилжин ирсэн. Цагдаа болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч энэ албаараа бахархаж, хааяахан бас омогшдог. Цагдаагийн албаараа, тэр дундаа Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байгаагаараа үргэлж бахархдаг.
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан: Би хүүхэд байхын л цагдаа болно гэж мөрөөдөж түүндээ хүрэхийн тулд өөрийн хийж чадах зүйлээ хийсэн гэж боддог. Тийм ч учраас энэ албандаа хайртай, албаныхаа нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаараа хичээж ажилладаг. Одоо би Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст ажиллаж байгаа. Өөрийн дуртай ажлаа хийж байгаа учраас өглөө бүрийг эрч хүчтэй угтдаг. Ихрийгээ ч бас цагдаа болсонд нь баярладаг.
Их хотын замын урсгал хөдөлгөөнийг саадгүй зохицуулна гэдэг энгийн иргэн харахад ч хэцүү харагддаг. Анх дохиур модоо бариад зам дээр гарч байсан үеэ дурсвал?
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан: Анх дохиур модоо бариад зам дээр гарахад их сандарч байсан. Машины урсгал дунд ороод зогсоход нүд эрээлжлээд толгой их эргэдэг юм билээ. Яг л голын усан дунд ороод зогсчихсон юм шиг. Мэдээж анх зохицуулалт хийхээр гарахдаа дадлагажигч багштай цуг гардаг. Тухайн багш нь цуг үүрэг гүйцэтгэх явцдаа хуулийн заалт, өдөр тутамд хэрэглэх эрх зүйн актуудыг давхар сургаж, зааж өгдөг. Мөн албаны зүгээс алба хаагчдад зориулсан сургалтыг тогтмол явуулдаг. Миний хувьд 4 жил багштай цуг дадлагажиж байж зохицуулалт хийж сурсан. Харин одоо өөрөө шавьтай болчхоод явж байна даа.(инээв)
Замын цагдаа болоод 13 жил зүтгэсэн хүний хувьд мэргэжлийнхээ бахархмаар зүйлийн талаар яривал?
Өдөр бүр л энэ мэргэжил, албаараа бахархдаг. Бензин нь дууссан машин түрнэ, дугуй нь хагарсан машины дугуйг угсарч өгнө гээд л цагдаагийн алба хаагчид хүнд харагддаггүй боловч өдөр тутамдаа эдгээр зүйлсийг хийж л байдаг. Нэг машины дугуй хагараад зогслоо гэхэд түүний цаана яарч сандарсан, өвчин зовлонтой яваа олон хүн саатдаг учир замын урсгал чиглэлийг саатуулж, түгжрэл үүсгэхгүйн төлөө аль болох замаа хурдан чөлөөлөхийг хичээдэг. Иргэд маань ч бас замаа чөлөөлж машинаа тавьчхаад ирж машин түрэлцэж, дугуй солиход домкрат, багаж байхгүй бол өөрсдийнхөө багаж хэрэгслийг өгч тусалдаг. Иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл ч өдрөөс өдөрт сайжирч нэгэндээ хүндэтгэлтэй хандаж байгааг хараад залуучуудаараа их бахархдаг. Эцэг хүн хүүхдүүдээ сайн үйл бүтээхийг хараад тэд нараараа бахархдаг бол алба хаагч бид нар иргэдийг алдаа, зөрчил гаргахгүй, гаргасан алдаагаа ойлгоод уучлал гуйгаад явах тэр зүйлд л баярлаж бахархах сэтгэл төрдөг.
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал таныг ажиллах энэ 13 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Бараг өдөр болгон л өөрчлөгдөж байна даа. Өдөр өдрөөр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа. Гурав, дөрвөн жилийн өмнө арай гайгүй байсан. Харин одоо бол замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн хувьд Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоогоод замын ачаалал харьцангуй гайгүй байсан.
Ихэр тань замын цагдаа, та яагаад хэв журмын цагдаа болсон бэ? Хоёулаа нэг албанд нэг хэлтэст ажилласан бол гэж боддог уу?
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан: Бид хоёр хоёулаа цагдаа болж байгаа учраас хоёр өөр чиглэлээр ажиллая гэж ярилцаад 2011 оноос Б.Батсайхан маань замын цагдаагийн тасагт шилжсэн. Харин би эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаад 2012 оноос одоог хүртэл эргүүлийн цагдаа жолоочоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст ажиллаж байна. Би угаасаа замын чиглэлээр сонирхдоггүй байсан. Ер нь хэв журмын цагдаа ямар нэгэн зөрчил, гэмт хэрэг гарахад хамгийн түрүүнд халуун цэг дээр очдог. Хэн тусламж хүснэ тэр газар л хамгийн түрүүнд байж байдаг нь бахархмаар. Охин маань “Та супермэний ажил хийдэг юм уу? тусламж хэрэгтэй бүх л газарт очдог уу?” гэж асуухад нээрээ л энэ мэргэжил маань дэндүү бахархмаар юм байна гэдгийг ойлгосон. Охин маань манай аав супермэн гэж ярих дуртай.
Анх ажилдаа томилогдоод очиход төсөөлж байснаас тань хэр өөр байсан бэ?
Төсөөлж байснаас тэс өөр байсан. Яг дүрэмт хувцсаа өмсөөд тангаргаа өргөхөд өөрийн эрхгүй омогшдог юм байна лээ. Бас бага зэргийн айдастай байсан. Төрийн цагдааг төлөөлж иргэдтэй харьцаж байгаа учраас иргэдэд буруу ойлголт өгчих вий гэж, бас үүрэг хариуцлага илүү нэмэгдэж байгаа болохоор алдаа дутагдал гаргачих вий гэж их эмээж байсан.
Мэдээж ажлын анхны гараа гэдэг утгаараа мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдож л байсан. Гэхдээ мэдэхгүй гээд хойш суух биш мэдэх боломж олгосон энэ мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнчээр энэ ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Хүнд хэцүү үе ч бий, сайн сайхан үе ч бий. Хамгийн гол нь ажлаа хийж байхдаа иргэдтэй зөв боловсон харилцаж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг маш сайн баримталж ажиллах нь чухал.
Хэрэв та цагдаагийн алба хаагч болоогүй бол ямар мэргэжлийг сонгох байсан бол?
Багаасаа л цагдаа болно гэж мөрөөдөж байсан учраас өөр мэргэжлийн талаар бодож ч байгаагүй. Цагдаа ах нарын харагдах байдал нь сүрдмээр бас бахархмаар байсан болохоор ч тэр үү цагдаа болно гэж бодсон. Яг цагдаа болоод үнэхээр бахархмаар сайхныг нь өөрийн биеэрээ мэдэрч байна. Бусдыг аюулаас хамгаалж, гэмт хэргийг таслан зогсоож баярлалаа гэх талархлын үг сонсох үнэхээр сайхан. Одоо байгаа монголын нийгмийг улам гэрэл гэгээтэй болгох юмсан гэж үргэлж хурцлагдан ажилладаг даа. Гол нь ажлаа аз жаргалынхаа нэг хэсэг л болгох хэрэгтэй юм билээ. Тийм ч учраас миний маргаашийг цагдаагийн албагүйгээр төсөөлшгүй.
Ярилцсанд баярлалаа. Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэе.
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан: Баярлалаа. Үе үеийн нийт алба хаагчдадаа орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэе. Одоогоос 100 жилийн өмнө Монголын цагдаагийн байгууллага анхны хуудсаа бичиж эхэлсэн бол өнөөдөр хэдийнээ өөрийн гэсэн түүхтэй хийж бүтээсэн бахархалтай болсон нь үнэхээр сайхан байна. Энэ сайхан албандаа ажиллаж 100 жилийн түүхийн нэгээхэн хуудсанд нь бичигдэж, түүх бүтээлцэж яваа өөрийгөө их хувьтай хүн гэж боддог.
-Цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан: Нэгэн албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх алба хаагчид, ахмад ажилчдадаа түүхт зуун жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Бидний хувьд 100 жилийн ойгоо амжилт бүтээл, ололт амжилтаар дүүрэн угтахаар хичээнгүйлэн ажилласаар байна.
Монгол сайхан эх орон минь цэцэглэн хөгжиж, үеийн үед хөгжин, дэвшиж ирсэн цагдаагийн байгууллагын алдар гавьяа мөнхөд мандан бадрах болтугай гэж хүсье.
Эх сурвалж:https://police.gov.mn/