• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ О.БУРМАА: ЭГЭЛ БУС ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ЦУУРАЙТУУЛАХ БОЛНО

2021-05-25
ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ О.БУРМАА: ЭГЭЛ БУС ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ЦУУРАЙТУУЛАХ БОЛНО

Малчин айлын жирийн охин

Монгол төдийгүй дэлхийд цуутай

Эгэл ардын энхрий охин

Энэ дэлхийд нэр нь цуутай

Түүнийг Очирбатын Бурмаа гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болон төрсөн. Эрх зүйч, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй тэрээр эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа эх орныхоо төлөө зориулж цагдаагийн албанд тангараг өргөж, спортын дэвжээнд их амжилтыг гаргаж явна. Ойр тойрныхон, спортын хорхойтнууд түүнийг Очирбатын Бурмаа гэхээс илүү “Том Бурмаа” гэнэ. Том Бурмаа 19 насандаа чөлөөт бөх гэх тэсвэр тэвчээрийн туйлыг шалгасан спортод хөл тавьж, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Т.Дамбарагчаа нарт шавилсан. 2013 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Хүч” спорт хорооны дадлагажих ажилтнаар ажиллаж эхэлсэн түүхтэй.

Эх дэлхийн цагийн байдал хүнд хэцүү, цар тахалтай тэмцэж байгаа энэ үед Том Бурмаа маань тангаргаасаа буцаагүй, цуцаагүй. Хөл хорио тогтоосон хасах гучин хэмд үүрэг гүйцэтгэхдээ “ган” хийгээгүй мөрдөс гоёсон эмэгтэй. Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд олимпын дэвжээнд гарч байсан тэрээр 39 насандаа 3 дахь удаагийн олимпын эрхээ өвөртлөн “Эко спорт комплекс”-т байрлан бэлтгэлээ хийж байгаа юм. Тэмцээнээс тэмцээнд тэсвэр хатуужил, туршлага суудаг тэрээр “Эгэл бус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах болно” гэж зориглох нь бахархам гайхам. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн 2009, 2013, 2014 оны тэмцээнээс мөнгө, 2 хүрэл медаль, 2003-2006, 2009 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, 2016 оны Азийн аварга, “Азийн цом”-ын тэмцээнээс хүрэл, 2006 онд Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2007 оны Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, 2008, 2020 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, 2008-2010 оны Туркийн Яширдогү  “Алтан гран при”-гаас  алт,  мөнгө, 2008, 2011 оны Рум Улсын олон улсын тэмцээнээс 2 алт, 2008-2010 оны  Данколовын олон улсын тэмцээнээс алт, мөнгө, 2010, 2011 оны “Дэлхийн цом”-оос мөнгө, хүрэл медаль хүртэж, 2012 оны олимпын наадамд 72 кг жинд хүч үзэж, шагналт тавдугаар байрыг эзэлсэн. 2019 онд Буриадын Ерөнхийлөгчийн цом ”Mongolian ореn” олон улсын тэмцээнээс алт, Монгол Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 9 удаа түрүүлсэн. “Афин-2004”, “Лондон-2012” олимпод амжилттай оролцсон төдийгүй Япон Улсын Токио хотноо 2021 онд болох олимпын чөлөөт бөхийн 76 кг жинд оролцох эрхээ авсан чанартай, чансаатай дэлхийн тамирчин.

Түүний хөлс, хөдөлмөр, хүч, тэсвэр тэвчээр бүрийг төрөөс үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Монгол Улсын “Гавьяат тамирчин” цол хүртээсэн бөгөөд “Биеийн тамирын тэргүүний ажилтан”, “Цагдаагийн алдар”, “Спортын алдар”, “Цагдаагийн гавьяа” тэмдэг, Монголын Үндэсний Олимпийн хорооны “Алтан очир” одон, Улаанбаатар хотын “Хүндэт иргэн”, Олон улсын хэмжээний мастер цол, тэмдгээр тус тус шагнасан.

Эмэгтэй хүнээс гарамгүй их тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаатай тэрээр энхрий үрдээ энэрэлтэй, өргөө гэрийн сайн эзэгтэй гэнэ. Гэр бүлийн хүн нь ч бас спортын хүн болохоор түүнийг дэмжиж, тусалдаг төдийгүй үргэлж сайн зөвлөгч нь байдаг аж.

Би гэр бүл гэх нандин сайхан ертөнц, спорт гэх хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн ноён оргил, цагдаа гэх цаглашгүй баатарлаг үйлст чадах бүхнээ зориулах эгэл жирийн эмэгтэй гээд инээмсэглэх нь хүсэл мөрөөдөл минь дуусашгүй гэхтэй ижил.

Чөлөөт бөхийн спортод чамлашгүй их амжилт гаргасан үлгэр жишээ, тууштай, дайчин, шийдэмгий, эрэлхэг бүсгүй та спортод хайртай ард түмнийхээ итгэл, сэтгэлд өлгийдүүлэн Токио хотноо Монгол Улсынхаа төрийн дууллаа эгшиглүүлээрэй. Дэлхийн дэвжээн дээр дүрэлзэн асаж, дүүлэн нисээрэй шонхор минь.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай

Эгэл жирийн ихэмсэг бүсгүй та

Эв найрамдлын бэлэг тэмдэг болсон

Эх дэлхийн XXXII дахь олимподоо амжилттай оролцоорой.