"Цагдаагийн байгууллага 100" сэдэвт хүүрнэл зохиолын уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойн босгон дээр тус байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, үйл ажиллагаа, алба хаагчдын ажил үйлс, амьдрал ахуй, алдар гавъяаг түгээн дэлгэрүүлж, мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлах, уран бүтээлчдийн авъяас чадварыг хөхүүлэн дэмжиж, бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор хүүрнэл зохиолын уралдааныг зохион байгуулсан.
Энэхүү уралдаанд 10 уран бүтээлч 9 тууж, 2 роман, нийт 11 уран бүтээл ирүүлснээс Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Батжаргалын “Өр төлөөс”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын төлөө зүтгэе”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Г.Ганболдын “Хүрээ аллага” туужууд эхний 3 байранд, романы төрөлд нэг, хоёрдугаар байр тодроогүй ба гуравдугаар байранд залуу зохиолч Х.Буянбатын “Бидний амар тайван амьдрал” роман тус тус шалгарсан.
Дээрх уралдаанд бүтээл нь шалгарсан зохиолчдод шагнал гардуулах арга хэмжээг өнөөдөр /2021.05.20/ Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын концертын их танхимд зохион байгуулж, тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, Сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уралдааны шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, утга зохиолч судлаач, шүүмжлэгч Ү.Хүрэлбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нар ажилласан.
---ооОоо---