ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.БУДЗААН: УХАРЧ БАЙХДАА ХҮҮХЭД ДАЙРСАН ХЭРЭГ 2020 ОНД 23, ЭНЭ ОНД ТАВ ГАРЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаантай хүүхэд өртсөн ахуйн хүрээний осол, тэдэнд тавих хараа хяналт, аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Хүүхэд ахуйн осолд өртсөн хэчнээн хэрэг энэ онд гарсан бэ?
-Ахуйн осолд хүүхэд өртөж хохирсон тоо баримт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч хүүхэд ахуйн осол, зам тээврийн осолд өртсөн зөрчил, гэмт хэрэг гарсаар байна.
Жолооч ухрах үйлдэл хийхдээ, хашаанаас гарахдаа, зогсоолоос хөдлөхдөө, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, өөрийн төрсөн болон бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон 23 гэмт хэрэг 2020 онд бүртгэгдсэн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ийм төрлийн таван гэмт хэрэг гарлаа.
Ихэвчлэн дөнгөж хөлд ороод удаагүй ой гарантай хүүхдүүдээс эхлээд тав хүртэлх насны хүүхдүүд хашаандаа эсвэл гадаа тоглож байгаад өртөж, хохирч байна.
-Жолооч нарт та ямар сэрэмжлүүлэг өгөх вэ?
-Жолооч машинаа бариад хөдөлгөөнд оролцох үеийг хөдөлгөөний аюулгүй байдал мөрдөж байна гэж ойлгоод байна. Гэтэл хөдлөхөөс өмнө буюу жолооны хүрдний ард суухаас жолоочийн үүрэг хариуцлага эхэлдэг. Бага насны хүүхэд хашаандаа машины доор ороод нуугдаж тоглох тохиолдол ч байдаг. Ухрах үйлдэл хийхэд хойно толинд харагддаггүй учраас хүүхдээ мөргөж байна. Үүнд жолооч нар онцгой анхаарах хэрэгтэй. Жолоочийн хариуцлагатай шууд холбоотой.
-Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хүүхэд цонхоор унах, усанд осолдох хэргүүд гардаг.
-Урин дулаан цаг ирж, аялал зугаалга идэвхэждэгтэй холбоотойгоор хүмүүс голын эрэгт очиж аялж зугаалдаг. Мөн өсвөр насны хүүхдүүд өөрсдөө гол руу явдаг. 2020 онд 17 хүүхэд голын усанд живж амиа алдсан. Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс голын эргээр архидан согтуурснаас болж хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулдаг.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нэг хүүхэд голын усанд живж амиа алдлаа. Голын мөс хайлж байгаа энэ цаг үед голыг гатлах гэж явж байгаад осолдож амиа алдсан хэрэг гарсан. Гол үерлэсэн, түвшин нэмэгдсэн, урсаад ирсэн мод, хайлаагүй мөсөнд тээглэж, завь хөмөрдөг асуудлууд гарч байна. Гол усанд орохдоо маш болгоомжтой, аль болох гатлахгүй байх, сэрэмжтэй байх хэрэгтэй.
Мөн хүүхэд өндрөөс унаж амиа алдсан долоон хэрэг 2020 онд бүртгэгдсэн. Он гарснаар өндрөөс унаж амиа алдсан хоёр тохиолдол гарлаа. Бага насны хүүхдүүд хүүхэлдэйн кино үзээд, “Баззлайтер” гэх мэт нисдэг баатруудад итгэж, "хүн нисдэг юм байна гэсэн ойлголттой болж байна. Тэр дүрд нь орчихдог учраас унах эрсдэл үүсдэг. Байранд амьдардаг эцэг эхчүүд тагт, цонхондоо хамгаалалтын хаалт хийлгээгүйгээс болж хүүхэд өндрөөс унаж амиа алдаж байна. Сэрэмжлүүлэг мэдээллийг их өгдөг ч үйлдэл болгож эрсдэлээс хамгаалахгүй байна.
-Ахуйн хүрээний өөр ямар осол гарч байна вэ?
-Халуун тогоо, ус буцалгагчинд түлэгдэж хүүхэд амиа алдсан таван тохиолдол гарсан. Амь насанд хохирол учруулах хэмжээний 70-80 хувьтай түлэгдэж байна. Цахилгаан, халуун тогоо, шилэн ус буцалгагч зэргээс түлэгдэж байгаа учраас маш сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн онд хүүхэд угаартаж амиа алдсан зургаа, энэ онд хоёр гарлаа. Мөн гэртээ шатсан таван хэрэг 2020 онд гарсан бол энэ онд дөрөв гарлаа. Он гарснаар нүхэн жорлон, муу усны нүх рүү унаж амиа алдсан дөрвөн хэрэг гарсан.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Хүүхэд осол аюулыг мэддэггүйн улмаас өртөх нь их байна. Ялангуяа гэр хороололд амьдарч байгаа хүмүүс жорлонгийн хаалгаа хааж, түгжих, муу усны нүхээ таглах, хүүхдээс халуун тогоо, ус буцалгагчаа гар хүрэхгүй хол тавих, гол усны аюулаас урьдчилан сэргийлж, аюул ослын талаар сануулж, ойлгуулах шаардлагатай байна.
Эх сурвалж www.gogo.mn