• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: АРВАН ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛ ЗОХИОХ ХҮҮХДҮҮДЭД ОДООНООС ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ СУРГАЛТ ОРНО

2021-03-25
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: АРВАН ЖИЛИЙН ДАРАА ГЭР БҮЛ ЗОХИОХ ХҮҮХДҮҮДЭД ОДООНООС ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ СУРГАЛТ ОРНО

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай хөл хорионы үеийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Энэ оны эхээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн гаралт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-2021 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 261 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 13-т нь хүүхэд өртсөн байна.  Гэмт хэргийн үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 53 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зөрчиж, зөрчил гаргасан 34 хүнийг 4 сая 735 мянган төгрөгөөр торгох, 1078 хүнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Хоногт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100-150 бүртгэгдэж байна.

-2019 онтой харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 2020 онд хэдэн хувиар өссөн бэ?

-2020 онд 1138 гэмт хэрэг гарсан. Өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн.

Хөл хориотой холбоотойгоор зарим төрлийн гэмт хэргүүд буурсан. Жишээ нь, гудамж талбайд үйлдэгддэг хулгай, дээрмийн хэргүүд буурлаа. Харин хөл хориотой холбоотойгоор  хүчирхийлэл үйлдэгчтэй хамт нэг орчинд байгаа нь хүчирхийлэл нэмэгдэх нөхцөл болж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх суурь шалтгаан нь архи согтууруулах ундаа байдаггүй. Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа нь хүчирхийллийн суурь шалтгаан байдаг.

Ковидыг цар тахал гэж зарласнаас хойш нөхцөл байдал ямар байгааг харсан. Дэлхийн ихэнх улс оронд гэр бүлийн хүчирхийлэл өсөөд байна. Хөл хориотой холбоотой иргэдийн дундах стресс бухимдал нэмэгдэж, орлогогүй болж байна. Жишээлбэл, Аргентин улсад  30 хувиар, Германд 40 хувиар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн.

Нэг талаасаа хөл хориотой холбоотой боловч нөгөө талаасаа  иргэд мэдээлж, “Хажуу айлд ийм юм болоод байна, хүүхэд уйлж чарлаад, айгаад байна” гэж дуудлага мэдээлэл өгөх нь нэмэгдэж байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл өссөн харагдаж байна.

-Хөл хорионы үед архи зарахыг хориглосноор хүчирхийллийн гаралтад яаж нөлөөлсөн бол?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх суурь шалтгаан нь архи согтууруулах ундаа байдаггүй. Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа нь хүчирхийллийн суурь шалтгаан байдаг. Архи, согтууруулах ундаа бол хүчирхийлэлд нөлөөлдөг зүйл байдаг.  Хөл хорионы үед архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхэд хязгаарлалт тогтоосноор гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж тодорхой хэмжээгээр буурч байсан.

Хүчирхийллийн талаар мэдээлэл өгсөн хүнийг худал дуудлага өглөө гэж торгох ёсгүй

-Нийгмийн сүлжээгээр хүмүүс хүчирхийллийн дуудлага өгөхөөр дараа нь хуурамч дуудлага өгсөн хэрэгт унадаг гэж бичдэг. Учир нь хүчирхийлэл үйлдэгдсэн гэх айлд цагдаа очиход үйл явдал болоод өнгөрчихсөн байдаг учраас эргээд дуудлага өгсөн хүн нь торгуулаад байна гэх юм.
-Нэг талаасаа нийгмийн сүлжээнд явж байгаа тэр асуудлыг шалгаад үзэхээр тогтоогддоггүй. Нөгөө талаас намайг мэдээлснийг тэр айлд хэлчихлээ гэдэг. Уг нь хүчирхийллийн талаар мэдээлсэн бол худал мэдээлэл гэж торгох ёсгүй.

Харин ч нөгөө айлд нь юу болсон бэ гэдгийг тогтоох нь цагдаагийн байгууллагын харах ёстой өнцөг. Хэрвээ үнэхээр өөрөө жинхэнэ дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдээд торгосон бол “ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” гээд манай фэйсбүүк хуудсаар хандаж болно. Гэхдээ өнөөдрийн байдлаар манайд тогтоогдсон асуудал алга байна.

Нөгөө талдаа мэдээллийн аюулгүй байдлыг задалчихлаа, хүчирхийлэл гарсан айлд  нь биднийг цагдаад хэлчихлээ гээд мэдээлчихдэг юм бол бидэнд дахиж хэлэх хэрэг байна уу гэдэг.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт орсон. Иргэн болгон гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгч өөрийнх нь талаар анх дуудлага өгсөн гэрчийн  талаар хавтаст хэргээсээ уншиж болдог байсныг болиулсан.

Тэгэхээр ямар хүн дуудлага мэдээлэл өгсөн нь хүчирхийлэл үйлдэгчид мэдэгдэхгүй. Хуулийн ийм зохицуулалт орсон учраас намайг мэдээлсэн гээд мэдчихвий дээ, харчихвий, хэрүүл тэмцэл гарах вий гэсэн айдасгүйгээр шууд дуудлага өгөх боломжтой.

Энэ хүнийг илүү их хайрлаж өмөөрвөл намайг бага зовоох байх гэж хохирогч боддог

-Хөрш айлууд л мэдээлэхээс биш хохирогч өөрөө дуудлага өгөх нь хэр байна вэ. Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдийн сэтгэл зүйн байдлын талаар ярихгүй юу?

-Хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Зарим нь мэдэж байсан ч хэлэхийг хүсдэггүй, айдаг. Энэ нь сэтгэл зүйн дарамт, сэтгэцийн эмзэг, хэврэг байдалтай холбоотой. Нэг ёсондоо сэтгэц өвчилж байна гэсэн үг. Олон улсад үүнийг Стокгольмын синдром гэдэг.

Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл үйлдэгчийг илүү их хайрлаж, өмөөрдөг. Учир нь энэ хүнийг илүү их хайрлавал намайг бага зодох байх, хүүхдийн минь дэргэд янз бүрийн ааш гаргахгүй байх гэсэн айдас нь сэтгэцийн өөрчлөлт болж эхэлдэг. Нөгөө талдаа мэдээлэхийг огт хүсдэггүй. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг хөндлөнгийн хэн нэгэн мэдээлж байж энэ гэмт хэрэг илэрдэг онцлог бий.

Хүчирхийлэл үйлдэгчдийн хувьд сэтгэцийн хувьд цоо эрүүл хүмүүс байдаг. Ямар байдлаар яаж гэр бүлээ өөрийн эрхшээлдээ оруулахаа өөрөө маш нарийн сайн мэдэж байдаг.

Хүчирхийлэлтэй харилцааг дуусгахын тулд тухайн хүн өөрөө миний үйлдэл буруу юм байна гэдгийг ойлгож, хүчирхийллийн зан үйлээсээ бүрэн татгалзаж байж энэ гэмт хэрэг арилдаг онцлогтой.

ТББ-уудаас хийсэн судалгаагаар хүчирхийлэлд өртсөн таван эмэгтэй тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг, үлдсэн дөрөв нь хүчирхийлэлтэй харилцаагаа тэвчээд үлдэж байна, магадгүй өөрийнхөө амь насыг алдах зэргээр дуусаад байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Цагдаагийн байгууллагын гол зорилт бол үлдсэн дөрвөн эмэгтэйг илрүүлэх. Тийм учраас иргэдийг хүчирхийллийн талаар мэдээлээч, харсан үзсэн бол битгий дуугүй өнгөрөөч гэж  хэлж байгаа юм.

-Хохирогчдыг хэвийн амьдралд оруулахад чиглэсэн ямар үйлчилгээ байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар төрийн бүх байгууллага үүрэг хүлээдэг. Тэдгээрээс иргэдэд хамгийн ойрхон нэгж бол хамтарсан баг. Энэ хамтарсан баг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Хамтарсан багийн дарга нь Засаг дарга. Хамтарсан баг хагас жил, улирлаар нь харьяа дүүргийн иргэдийн хуралд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тайлагнадаг.

Цагдаагийн байгууллагын тухайд хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нь хамтарсан багийн нэг гишүүн байдаг. Цагдаагийн байгууллага хохирогчийг илрүүлж, аюулын зэргийн үнэлгээ хийж, дунд буюу дундаас дээш түвшинд гарч, хүчирхийлэл үйлдэгч шүүхийн шийдвэрээр баривчлагдах эсвэл Эрүүгийн хэргээр ял шийтгэгдлээ гэхэд энэ тохиолдол болгон дээр холбон зуучилна. Хүчирхийлэлд хүүхэд өртсөн, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн өртсөн бол шууд хамтарсан баг руу холбон зуучилдаг.

Хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг илрүүлэх ажлыг улсын хэмжээнд хийнэ

-Хамтарсан багийнхан айлуудаар явж судалгаа хийх ёстой талаар ГБХЗХГ-аас мэдээлсэн. Үнэхээр айл болгоноор явах боломж мэдээж хомс. Тэгэхээр хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүсийг хэрхэн хяналтад авч байна вэ?

-Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчийн 103 орон тоог олон улсын жишигт нийцүүлэн баталсантай холбогдуулан хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах алба хаагчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Эрсдэлт нөхцөлд байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг илрүүлэх ажлыг улсын хэмжээнд эхлүүлээд байна. Өрх гэрээр ордог, айлд мал малладаг, хүчирхийлэлд өртдөг байж болзошгүй хүүхдүүдийг судлаад хяналтад авах ажлыг эхлүүлж байна. Энэ ажил тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.

-Хүүхэдтэй ажилладаг цагдаа нарт ямар шаардлага тавьдаг вэ?

-Мэдээж хүүхэд эмзэг учраас хүүхэд ажилладаг мэргэжилтнийг сургахдаа хохирогч хүүхдүүдтэй яаж харилцах ёстойг харилцаа хандлага талаас нь сургалт явуулсан. Цаашдаа ч явуулна. Хамгийн гол нь хүүхдэд итгэл төрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдтэй ганцаарчилж уулзахад тэд итгээд асуудлаа ярьдаг байх нь чухал. Юу болохгүй байгааг асууж, ямар тусламж хэрэгтэй байгаа талаас нь уулздаг. Энэ нь цаашдаа үр дүнд хүрнэ гэж бодож байна.

-Хүчирхийлэл ер нь цаашдаа буурах хандлага байгаа юу? 20 жилийн дараа 2041 онд энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

-Өргөн асуудал. Дэлхий тэр чигээрээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байна. Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа батлаад 2017 оноос гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг гэж шалгаж эхэлсэн. Тэгэхээр бид эрх зүйн хувьд нэг алхам урагшилж байна. Гэр бүлд байж болшгүй зүйл юм байна гэдгийг харж чадсан.

Тиймээс ойрын хоёр гурван жилдээ өсөх нь тодорхой. Бид мэдээлэлгүй далд байгаа хүчирхийллийг ил болгож байна.

Сургалтаар дамжуулан хүүхдийг хүчирхийлэлтэй харилцаанаас татгалздаг, аливаа асуудлыг хүчирхийллийн бус замаар шийддэг, өөрийгөө хамгаалдаг, бусадтай хүнлэг харьцах чиглэлээр сургалт орох нь зүйтэй гэж үзээд сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулаад орж эхэлж байна.

Нөгөө талдаа бид ганцхан мэдээлэх ажлыг хийгээгүй. Боловсролын тухай хуульд өөрчлөлт ороод сурагчдад бага наснаас нь эхлээд сургалт орохыг хуульчилсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын өгсөн чиглэлийн хүрээнд хүүхдэд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулаад эхнээсээ туршиж эхэлж байна. Шинээр томилогдсон хүүхдийн 103 мэргэжилтэн сургалтаа хүүхдүүдэд орно.

Энэ ажлын үр дүн ирээдүйн 10 жилийн дараа гарна гэж харж байна. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл бол өнөөдөр гэнэт илэрч байгаа юм биш. Багаасаа гэр бүлийн суурь хүмүүжилд нөлөөлж байгаа учраас сургалтаар дамжуулан хүүхдийг хүчирхийлэлтэй харилцаанаас татгалздаг, аливаа асуудлыг хүчирхийллийн бус замаар шийддэг, өөрийгөө хамгаалдаг, бусадтай хүнлэг харьцах чиглэлээр сургалт орох нь зүйтэй гэж үзээд сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулаад орж эхэлж байна. Магадгүй энэ ажлын үр дүн сайн гарвал цаашдаа гэр бүлийн хүчирхийлэл буурна гэж харж байна.

-Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт гэж бас байдаг. Энэ ажил хэр үр дүнтэй явагдаж байна вэ?

-Зан үйлд нөлөөлөх сургалтын талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд албадан болон сайн дураар хамрагдана гэж заасан байдаг. Сайн дурын сургалтуудыг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд явуулдаг. Энэ нь тийм ч сайн харагдахгүй байгаа. Мэр сэр зарим аймаг, зарим дүүрэгт явагддаг. Нийтээрээ явагдаж байна уу гэвэл бодох ёстой асуудал. Зөрчил үүссэн тохиолдолд явагдана.

Албадан сургалтыг шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх байгууллага хийдэг. Орон нутагт цагдаагийн байгууллагаас албадан сургалтыг хийж байна.

Шүүхээс даалгасан цагт нь цагдаагийн байгууллагын сэтгэл зүйч нар сэтгэл заслын болон эрх зүйн сургалтыг явуулдаг. Үр дүнгийн тухайд энэ хүний зан араншин засарч уу гэдгийг дүгнэхэд эрт.

Нөгөөтээгүүр дангаараа зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хийхэд хүчирхийлэл үйлдэгч хүчирхийлэлтэй харилцаанаас татгалзах уу гэвэл үгүй. Энэ бол 7 хоногийн хугацаанд баривчлах байранд сонсож байгаа зүйлээр сэдэлжүүлж байна гэсэн үг.” Таны хийж байгаа үйлдэл буруу, та дахиад үйлдвэл хоёр жил хүртэлх ялтай, эрүүгийн хэрэгт тооцогдоно, та энэ зан үйлээс татгалзаж, уураа барих хэрэгтэй” гэсэн сануулгуудыг өгдөг. Цаашдаа гараад сайн дурын сургалтуудад хамрагдах хэрэгтэй. Хүний зан үйл 7 хоногийн дотор өөрчлөгдөх боломж тун бага. Энэ хоёр хосолж байж сайн үр дүнд хүрнэ.

-Сэтгэл санааны хохирлыг хэмжиж тооцох эрх зүйн орчин бий болсон уу?

-Эрүүгийн хуульд давуу талтай өөрчлөлт орсон нь хохирлыг тооцдог болсон. Хуучин Эрүүгийн хуульд зөвхөн гэмтлийг авч үздэг байлаа. Хөнгөн зэргийн гэмтэл учирсан бол гэмт хэрэг болно гэдэг байсан.

Одоо Эрүүгийн хуульд гэмтэл дээр нэмэгдээд хохирол яригддаг болсон. Сэтгэл зүйн хувьд яаж хохирсон, магадгүй 5-10 жилийн дараа хөдөлмөрийн чадвараа хэрхэн алдах магадлалтай вэ гэх мэт бүх зардлуудыг тооцох боломжоор хангаж байна. Сэтгэл санааны хохирол, ирээдүйд учрах хор уршгийн асуудлууд орж ирж байна.

-Хөл хорионы үеийн нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байрны үйлчилгээ ямар түвшинд байна. Хөл хорионоос болж үйлчилгээ саатсан тохиолдол бий юу?

-УОК-оос хөл хорио тогтоосон ч гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг мэдрээд хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд бүгд ажиллаж байсан. Ирэх иргэдийн тоо ихэссэн.  Үйл ажиллагаа нь зогссон саатсан асуудал байхгүй. Харин ачаалал нэмэгдсэн байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.gogo.mn