АХЛАХ АХЛАГЧ Б.ХҮРЭЛБААТАР: ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛДӨӨ ХӨТЛӨГДӨН ОРСОН “ДОТООДЫН ЦЭРЭГ” ГЭХ БОСГО ӨНДӨР АЙЛД 16 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Д.Хүрэлбаатартай ярилцлаа.
Танд Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе. Дотоодын цэргийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Энэ албыг яагаад сонгох болсон талаар ярилцлагаа эхэлье.
Баярлалаа. Би цэргийн гэр бүлээс гаралтай хүн. Хүүхэд байхаасаа л цэргийн байр, албаны машины кабинд сууж, цэргийн амьдралд хөл тавьсан юм даа. 2000-2001 онд Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэргийн алба хаагаад хэсэгтээ хувийн байгууллагад ажилласан юм. Гэтэл багын л “цэрэг хүн болно” гэсэн бодол маань толгойд бодогдоод л яваад байлаа.
Ингээд 2005 онд анх Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбарт ажилд орж өөрийнхөө хүссэн тэр л “цэргийн хүн” болсон юм. Дотоодын цэргийн байгууллагадаа томилогдоод эх орондоо цэргийн тангараг өргөх тэр мөчид “Энэ сайхан байгууллагадаа тогтвор суурьшилтай, амжилт бүтээлтэй ажиллана” гэж өөртөө бас тангарагласан. Тиймдээ ч энэ байгууллагадаа 16 жил ажиллахдаа сахилга ёс зүйн зөрчил, дутагдалгүй ажиллаж байна.
Хүүхэд ахуй наснаас нь цэргийн анги, байр, амьдралтай холбосон аав, ээж болон гэр бүлээ танилцуулаач?
Манай аавыг Л.Борчулуун гэдэг. Цэргийн ангид насаараа жолооч хийсэн. Цэргийн байнгын тэтгэвэрт гарахдаа Дорнод аймаг дахь Барилгын цэргийн 030 дугаар ангийн даргын жолооч, ахлах ахлагч цолтой байсан. Өвөө маань ч бас цэргийн хүн. Би эхээс зургуулаа. Үүнээс одоо дөрөв нь цэрэг, хүчний байгууллагад буюу Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад ажиллаж байна. Намайг анх цэргийн алба хаагч болоход гэр бүлд маань дургүйцсэн хүн байгаагүй. Манай аавын талын хамаатнууд ихэнх нь цэргийн хүмүүс байсан болохоор харин ч их дэмжиж байсан. Үүнд би хамгийн их баярладаг юм. Цэргийн албаны сайхныг мэддэг, мэдэрсэн хүмүүс.
Гэр бүлээрээ цэргийн албан хаагчид байх үгээр хэлэмгүй сайхан шүү дээ. Дүрэмт хувцсаа цэмцийтэл сайхан өмсөж, гутлаа гялалзуулан явах нь цэрэг хүн, цэргийн алба хаагчийн нэрийн хуудас юм. Аавынхаа мэргэжлийг бүгд өвлөн авсандаа бахархахгүй байхын аргагүй билээ.
Одоо би гурван хүүхэдтэй. Удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авна. Манай эхнэрийг Д.Болорцэцэг гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг юм. Эхнэр маань цэргийн амьдралыг гаргууд сайн ойлгодог. Намайг үргэлж дэмжиж, зөвлөж байдаг ханиараа бахархаж явдаг. Энэ дашрамд ханьдаа хайртай шүү чи минь хамгийн сайн хань, хамгийн сайн ээж, хамгийн шилдэг эмэгтэй шүү гэж хэлмээр байна.
Мөрдөстэй алба хаагчийн хувьд өдөр бүр л албаараа бахархах сэтгэл төрнө биз?
Тийм шүү. Дотоодын цэргийн байгууллага нь хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг чиг үүрэгтэй хариуцлагатай, босго өндөртэй, бахархмаар алба. Эгнэн зогссон залуустай хөл нийлүүлж, хараа гаргаж, жагсаалаа чимэн алхахдаа энэ л миний мөрөөдөж байсан “цэргийн алба” хэмээн бахархах, бардамхан, омогших сэтгэл төрдөг дөө.
Таныг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан гэж сонссон. Энэ тухай дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
Би 2010 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай Серилон улсад 9 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед Дорнод аймаг дахь цагдаагийн газар, Дотоодын цэргийн тусгай салбараас анх удаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч болж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн. Өөрийгөө “цэргийн хүн” гэж тодорхойлж байсан болохоос хил дамнаж, өөр улсад хүртэл үүрэг гүйцэтгэнэ гэж төсөөлж байгаагүй. Түүгээрээ бас бахархдаг л юм /инээв/. Хэдийгээр 11 жилийн өмнөх үйл явдал ч гэлээ сэтгэлд хамгийн тод байдаг үе.
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна . Та мөр зэрэгцэн алба хааж буй тусгайлсан чиг үүрэгтэй хүчний байгууллагын алба хаагч нартаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Цэргийн албанд ажиллаж, цэргийн албыг хааснаараа эр хүн хатууждаг, ухааждаг, үг даадаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, найз нөхөд цаашдын амьдралын зам мөрөө ч олдог гэж би боддог юм. Эрэгтэй хүн болж төрсөн хүн бүр цэргийн алба хаагаасай гэж би битүүхэндээ хүсдэг.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан эрхэм генерал, офицер, ахлагч, байлдагч, сонсогч, түрүүч та бүхэнд Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 100 жилийн баярын мэндийг хүргэж байна.
Монгол цэргийн суу алдар мянга мянган жил дуурсагдах болтугай.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.