• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН, ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ П.МӨНХБААТАР: БИ МОНГОЛ УЛСДАА АМЬ, БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН ЗҮТГЭХ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮН

2021-02-10
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН, ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ П.МӨНХБААТАР: БИ МОНГОЛ УЛСДАА АМЬ, БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН ЗҮТГЭХ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮН

П.Мөнхбаатар цагдаагийн байгууллагад хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан, хоёргүй сэтгэлээр 25 жил ажилласан нэгэн. Түүний энэхүү хичээл зүтгэл, хөдөлмөр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ биелүүлж, үнэнчээр ажилласныг Монголын төр өндрөөр үнэлж, Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй шагналыг өчигдөр олгосон юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатартай шагналаа гардаад удаагүй байх үед нь ярилцлаа. 

-Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Шагналаа гардах мөчид юу бодогдож байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эрхэм хүндтэй шагнал гардан авахад маш сайхан сэтгэгдэл төрсөн. Би Монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 25 жил зүтгэлээ. Нэр хүндтэй шагнал хүртсэндээ маш их талархаж байгаа. Гэхдээ шагналынхаа эзэн болохын тулд илүү их зүтгэж, ажил үүргээ гүйцэтгэнэ.

Би өнөөдөр аав, ээжийг баярлууллаа, үүндээ би өөрөө ч баярлаж сууна

-Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Та ажлынхаа гарааг хэрхэн эхэлж байсан бэ?

-Би 1994 оноос шөнийн эргүүлийн 808 дугаар ангид ажиллаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагын ажилчид  мөнхийн айдас,  түгшүүр дунд ажилладаг. Ирсэн дуудлага мэдээллийн дагуу хурдан, шуурхай очиж үйлчлэх нь миний эрхэм зорилго. Цар тахлын үед байгууллагаас амны хаалт, гар ариутгагч гээд аюулгүй байдлыг хангах бүхнийг бэлдэж өгдөг. Гэхдээ бид өөрсдөө аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллах  ёстой.

-25 жил цагдаагийн байгууллагад ажилласан гэлээ. Одоо таны ажил бахархал тань болсон биз?

-Тийм ээ, миний ажил бол миний бахархал. Энэ ажилдаа үргэлж үнэнч, шударга ханддаг. Манай аав Тагнуулын ерөнхий газар ажилладаг байсан юм. Аавынхаа ажил, мэргэжлийг өвлөх ёстой гэдгийг ойлгож, цагдаа болж байлаа.

-Та шагнал хүртсэн баярын сэтгэгдлээ хэнтэй анх хуваалцсан бэ?

-Манай гэр бүл, аав, ээж, найз нөхөд, ажлын хамт олон гээд бүгд намайг урмын сайхан үгээр тэтгэж байна. Энэ шагнал бол миний хамт олны хүч, хөдөлмөр юм шүү дээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 140 гаруй ажилтантай. Бүгд надад баяр хүргэж, баярлаж талархсанаа илэрхийлсэн. Би нэг охинтой. Миний охин үнэхээр их баярлаж, ааваараа бахархаж байгаа. Миний аав хүнд өвчтэй. Өнгөрсөн жил би аавыгаа алдах шахсан юм. Би аавтайгаа мөрдэс нэгтэй хүн. Тийм учраас "Аавынхаа төлөө бүхнийг хийе. Залгамж халааг нь үргэлжлүүлье" гэж үргэлж боддог доо.

-Амь, биеэ үл хайрлан зүтгэх тангараг эх орон, ард олныхоо өмнө өргөсөн хэн бүхэнд ар гэрийнхэн нь түшиг, тулгуур болж дэмждэг байх. Магадгүй тэдэнгүйгээр таны амжилтыг төсөөлөхийн аргагүй болов уу?

-Миний эхнэр, охин, аав, ээж миний мэргэжлээр үргэлж бахархдаг. Тэд маань миний мэргэжлийг хүндэлдэг, ойлгодог, намайг дэмждэг. Би хүнд аливааг нялзаах эрхгүй. Монгол Улсад тохиолдож буй бүхэнд би хамгийн түрүүнд явах ётой. Би Монгол Улсдаа амь, бие үл хайрлан зүтгэх тангараг өргөсөн. Үүргээ ухамсарлаж, чанд сахин биелүүлэх ёстой. 

Миний охин үнэхээр их баярлаж, ааваараа бахархаж байгаа

-Таны ээж хүүгээрээ бахархахын чацуу  заримдаа санаагаа чилээж суудаг байх. Энэ мөчид ээждээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүний амьдрал баян шүү дээ. Ээж минь “Миний хүү нойр, хоолгүй явах юм" гэхэд нь би "Ээж минь, цагдаагийн алба ийм” гэж хэлэх эрх байхгүй. Ээжтэй хүн бол хамгийн баян, хамгийн жаргалтай байдаг. Би өнөөдөр аав, ээжийгээ баярлууллаа. Үүндээ би өөрөө ч баярлаж сууна.

Эх сурвалж: www.ergelt.mn