• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРСАН БАЙНА.

2019-12-03
ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРСАН БАЙНА.

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 11 сарын байдлаар 555.728 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 50.520, хоногт 1.684, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 30.011 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 19.222 буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод, 10.730 буюу 35.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 3.869 буюу 11.4 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 4.633 буюу 19.4 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 17.585, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.687 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.3 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.2 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 43.1 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7  нэгжээр өссөн байна.

2019 оны эхний 11 сарын байдлаар 29.308 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 4.2 хувиар, 926 хүн нас барсан нь 0.5 хувиар, 8.080 хүн гэмтсэн нь 4.2 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 53.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 89.8 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал: Энэ онд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Та сэргийлж чадна”, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг хором”, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөв хүмүүжил, төлөвшил олгох зорилгоор “Зөв тусгал”, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Залилан” зэрэг нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулснаар гэмт хэрэг 11.4 хувиар буурсан байна.

 

СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС