ЦАГДААГИЙН АХМАД Т.АРДАКЕЛДИ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЭД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ.
Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Т.Ардакелди Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж буй Нэгдсэн үндэстний байгууллагын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол улсын 8 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд сүлжээний техникчээр 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын Батальоны удирдлага холбооны найдвартай ажиллагааг ханган хамт олноо хошуучлан, идэвхи санаачлагатай ажиллаж, энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэнийг үнэлэн Т.Ардакелдийг цэргийн багийн захирагчийн тушаалаар 4 удаа баяр хүргэж, сайшаан шагнуулсан байна. Мөн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын алба хаагчдын дунд зохион явуулсан “DANCON” маршийн тэмцээнд хувийн амжилтаар долоодугаар байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Нэгдсэн үндэстний байгууллагын медаль, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 182 дугаар зарлигаар “Энхийн төлөө” медаль, Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/823 дугаар тушаалаар Монголын цагдаагийн байгууллагын “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр тус тус шагнасан байна.