Цагдаагийн байгууллагын мэдээлэл, судалгааны мэргэжилтнүүд “Эдийн засагч, статистикч” хос мэргэжил эзэмших боломжтой боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын алба Хөдөө, аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд хууль зүйн салбарын ажилтнуудад зориулсан “Эдийн засагч, статистикч” хос мэргэжил эзэмшүүлэх 2.5 жилийн эчнээ сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
“Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдэлт, ашиглалтыг сайжруулах, мэдээлэл судалгааны ажилтнуудыг статистик тоо мэдээнд дүн шинжилгээ, судалгаа хийх онол арга зүй, чадавхийг дээшлүүлэх зорилгоор анх санаачлан боловсруулсан уг хөтөлбөрийн анхны элсэлтэд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны 8 ажилтан хамрагдан суралцах бөгөөд 2021 оны I улиралд төгсөх юм.
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болж, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль дээр болж, нээлтийн ажиллагаанд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх, Нийгэм эдийн засаг, хөгжлийн албаны захирал Ж.Батчулуун, Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны Статистик, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Нээлтийн үеэр Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх нар хэлсэн үгэндээ “Энэ хөтөлбөрийн үр дүнд цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны ажилд томоохон ахиц, дэвшил гарч, мэдээлэл судалгааны алба хаагчдын эдийн засаг, статистикийн онолын мэдлэг, судалгааны арга зүй сайжирч, чадавхи нь дээшилснээр гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, чиг хандлага, зүй тогтол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох зэргийг шинжлэх ухааны үндэстэй судлан тогтоох, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, дүн шинжилгээний ажилд томоохон дэвшил гарах чухал ач холбогдолтой” болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээлэл судалгааны чиглэлээр ажиллаж байгаа 94 алба хаагчдын 80 буюу 85.1 хувь нь эрх зүйч, 8 буюу 8.5 хувь нь эдийн засагч, 1 буюу 1.1 хувь нь статистикч мэргэжилтэй алба хаагчид байгаа юм.
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА