• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧ, ИЛРҮҮЛЭЛТ ӨССӨН БАЙНА.

2019-06-28
ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧ, ИЛРҮҮЛЭЛТ ӨССӨН БАЙНА.

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний хагас жилд 297.361 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49.560, хоногт 1.650, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 17.666 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 11.698 буюу 66.2 хувь нь Улаанбаатар хотод, 5.921 буюу 33.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2.376 буюу 11.9 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2.880 буюу 19.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 10.629, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.250 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.7 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.9 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.3 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 10.7 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.5 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 29.4 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь нь гэр орон сууцанд, 18.2 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 951 хүүхэд хохирсон бол 572 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна.

2019 оны эхний 6 сарын байдлаар 17.150 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.5 хувиар, 4.471 хүн гэмтсэн нь 2.9 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 70.0 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС