ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААР ЛАВЛАГАА ОЛГОХ
Цагдаагийн байгууллага нь “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт болон бусад хууль тогтоомжийн хүрээнд иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон иргэний хүсэлтээр лавлагаа олгохоор заасан.
Үүний дагуу иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээллийг дараах байдлаар олгож байна. Үүнд:
- Эрх бүхий байгууллага, албан тушаалтан /Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх гэх мэт/.-наас ирүүлсэн иргэний “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг шалгах.
/Уг хуудсыг МДШШУА-ны СМХ-ийн Лавлагааны сан болон албад, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулна./
- Хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу хариу өгнө.
/ХЗДХС-ын 2018 оны А/116-р тушаалын 1-р хавсралтаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны жагсаалтыг баталсан ба уг лавлагааг МДШШУА-ны СМХ-ийн Лавлагааны сан болон албад, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс авна. /
- Иргэний хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор зөвхөн МДШШУА-ны СМХ-ийн Лавлагааны сангаас олгоно.
/Лавлагааны сан нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон”, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн урд байрлах цагдаагийн төв архивын байр болон “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв” –ийн Дүнжингарав худалдааны төв дэх салбаруудад байрладаг/
Албан бичгээр лавлагаа авах эрх бүхий байгууллага, албан тушаалтны жагсаалт:
1. Шүүхийн байгууллага
2. Прокурорын байгууллага
3. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дахь хэсэг, 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд
4. Монгол банк
5. Авлигатай тэмцэх газар
6. Санхүүгийн зохицуулах хороо
7. Бүх шатны засаг дарга нар
8. Улсын бүртгэлийн байгууллага
9. Цагдаагийн байгууллага
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
11. Шүүхийн шинжилгээний байгууллага
12. Монгол Улсад суугаа Гадаад Улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн болон Консулын газар.
13. Олон Улсын зэрэглэлтэй нисэх буудал
14 Монголын хуульчдын холбоо
15. Хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан бичгээр лавлагаа авахдаа:
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа авах эрх зүйн үндэслэл, түүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаарыг бүрэн гүйцэд бичих.
-Хуулийн этгээдэд лавлагаа авч байгаа бол тухайн байгууллагын нэр, регистрийн дугаар, лавлагаа авах болсон шалтгааныг дурдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаж ирүүлнэ.
/Хуулийн этгээдийн талаарх лавлагааг зөвхөн МДШШУА-ны СМХ-ийн Лавлагааны сангаас авна./
-Иргэн нь Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх “Тодорхойлолт” авахдаа:
- Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгээ үзүүлж, үйлчилгээний хураамж төлсөн баримтаа өгч авна.
Хэрэв тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад итгэмжлэл олгон авч болно.
-Үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг МДШШУА-ны Төрийн сан дахь 100900012027 дугаар дансанд аль ч арилжааны банкаар дамжуулан төлж болно.
Лавлах утас: 70191060, 70191089