• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ХУРАНДАА И.БАТЧУЛУУН: НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНД МАНАЙ ТАВАН АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2020-07-27
ЦАГДААГИЙН ХУРАНДАА И.БАТЧУЛУУН: НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНД МАНАЙ ТАВАН АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

НҮБ-ын шалгуурт тэнцэн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНӨСУ дахь энхийг сахиулах UN­MISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албаны Монгол Улсын багийн ахлагч, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа.

-Юуны түрүүнд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын өнөөгийн нөхцөл байдал, бодит амьдрал ямар байгааг сонирхуулахгүй юу?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан улс нь 2011 онд Бүгд Найрамдах Судан улсаас тус улсын өмнөд хэсгийн 10 мужийг хамааруулан, хуучин мужийн төв байсан Жуба хотыг нийслэлээ болгон тусгаар тогтносон. Албан бусаар нийтдээ 22 сая хүн амтай гэгддэгч олон жил үргэлжилж буй иргэний дайны улмаас 10 сая хүн нь хөрш зэргэлдээ Судан, Этиоп, Уганда, Кени, Руанда зэрэг улсууд руу дүрвэн гарсан гэдэг. Хүн ам нь нийтдээ 64 омгоос бүрддэг ба эдгээр омгууд нь бүгд тус тусын хэл, соёл, ёс заншил, газар нутагтай. Хүн амын өргөн хэрэглэдэг ярианы хэл нь араб, албан ёсны хэл нь англи хэл. Энэ нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, омог хоорондын сөргөлдөөн, засгийн эрхийн төлөөх хүчтэй тэмцлийн гол шалтгаан болдог гэж үздэг юм байна.

Хэдий улс төрийн түвшинд зөвшилцөн ажиллаж байгаа ч орон нутаг, мужуудад босогчид, зэвсэглэсэн гэмт бүлэглэлүүд хууль бус үйл ажиллагаа явуулах, хүний амь нас хохироох, хомроглон устгах, тосгодыг галдан шатаах, хүн хулгайлах, барьцаалах, эд хөрөнгөд нь халдах, хүчирхийлэл үйлдэх, дээрэм тонуул хийх зэргээр гэмт хэрэг, зөрчил тасралтгүй гарсаар байна.

-Манай энхийг сахиулагчид тус улсыг их зорьдог. Харин НҮБ-ын Цагдаагийн алба гэхээр онцлог нь юу байна. Манай алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-НҮБ-ын БНӨСУ дахь Энхийг сахиулах UNMISS ажиллагаанд энгийн, цэргийн, цагдаагийн, гэрээт зэрэг нийт 20 орчим мянган ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 45 орны 665 цагдаагийн алба хаагч(IPO), мөн Непал, Гана, Руанда зэрэг улсын зэвсэгт цагдаагийн 1148 (FPU), цагдан хорих байр хариуцсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 10 орны 75 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс баталсан мандатын дагуу БНӨСУ дахь UNMISS ажиллагаа нь дотоодын дүрвэгсэд, энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн байдалд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, мөрдөн шалгах, хүмүүнлэгийн тусламж хүргэх таатай орчин бүрдүүлэх, энхтайвны гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг дөрвөн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн энэ алба нь дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын баазын дотор, гадна орчинд үүрэг гүйцэтгэж, тэнд ажиллаж буй олон улсын зэвсэгт хүчин, зэвсэгт цагдаагийн алба хаагчид, орон нутгийн хамгаалалтын албаны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, дүрвэгсдийн хуарангийн орц, гарц, ачаа тээшийн үзлэг шалгалт хийнэ. Шинээр шилжин ирж буй дүрвэгсдийн бүртгэлжүүлэлтийн ажилд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах, зааж зөвлөх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй аливаа үйлдэл, мэдээллийг хүлээн авч, баримтжуулан холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн зэвсэгт цагдаагийн хэсгийг ахалж хотын төв болон НҮБ-ын бааз, дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна орчинд машинт болон явган эргүүл хийх, шаардлагатай тохиолдолд үзлэг, нэгжлэг хийх үүрэгтэй.

-Товчхондоо энгийн иргэдийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг гэж хэлж болох уу?

-Тийм. НҮБ-ын Цагдаагийн алба нь дээр дурдсан ажил, үүргийг хийж гүйцэтгэхээс гадна хүүхэд, эмэгтэйчүүд, энгийн иргэдийг аливаа хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд хүмүүнлэгийн ажилтнууд, хүний эрхийн байгууллагын ажилтнуудын хамт эргүүл хийж урьдчилан сэргийлэх, зөрчилдөөн их үүсдэг, эрсдэл ихтэй, энгийн иргэдийн эсрэг халдлага их гардаг цэгүүд, тэдгээрийн шалтгааныг тодорхойлох зорилготой. Ер нь НҮБ-ын байр байгууламж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах гэх зэргээр ард иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангахад чиглэсэн гээд нэлээд өргөн хүрээг хамарсан ажил, үүргийг хийж гүйцэтгэдэг байгаа.

-НҮБ-ын Цагдаагийн алба нь орон нутгийн цагдаатай хамтран ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав. Манай ажлын зайлшгүй, нэг чухал хэсэг бол орон нутгийн цагдаагийн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм. НҮБ-ын Цагдаагийн алба нь орон нутгийн цагдаагийн байгууллага, аюулгүй байдлын институт, иргэний нийгмийн байгууллага, бусад оролцогчидтой хамтран гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг.

-Цаг агаарын нөхцөл байдал нь ямар байна вэ?

-БНӨСУ нь Африк тивийн төв экваторын бүсэд байрладаг тул цаг агаарын хувьд хэт халуун уур амьсгалтай, хуурай халуун болон борооны гэсэн хоёр улиралтай. Хуурай халууны улирал нь арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд өдөртөө нэмэх 38-45 хэм, шөнөдөө нэмэх 30-35 хэм хүртэл халдаг. Энэ үеэр ялаа, шумуул, хорхой шавьж харьцангуй багасдаг боловч тоосжилт ихэсч заримдаа шороогоор шуурахаас гадна модноос бусад өвс, ургамал хатаж шарлан, хээрийн түймрийн гаралт ихэсдэг.

Харин борооны улирал нь тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд хүчтэй, усархаг, дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж, шавар шавхай үүсч, гол мөрний усны түвшин нэмэгддэг тул маляри, эбола, зика вирус болон бусад гоц халдварт өвчин, халдвар тараагч ялаа, шумуул, хорхой, шавьж ихэсдэг онцлогтой. Тийм учраас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын зүгээс цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицоход л хүнд байдаг. Дүрэмт хувцсыг улирлын нөхцөл байдалд тохируулан өмсөж хэрэглэх, нар, шавьжнаас хамгаалах тос, түрхлэг, цацлага зэргийг байнга хэрэглэж хэвших шаардлагатай болдог.

-Тэгэхээр одоогийн цаг агаар нь “COVID-19”-ийн тархалтыг ихэсгэх боломжтой байх нь ээ. БНӨСУ-д тус өвчний нөхцөл байдал ямар байна вэ?

-Тус улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол нэлээн хожуу буюу дөрөвдүгээр сарын 5-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш халдвар ард иргэдийн дунд асар хурдацтай тархаж эхэлсэн. Энэ сарын 16-ны байдлаар 2171 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 1175 хүн эдгэрч, 41 хүн нас бараад байна.

БНӨСУ-ын хувьд “COVID-19” өвчний гаралттай тэмцэх, тархалтыг зогсоох зорилгоор Ерөнхийлөгч Сальва Кийр, Тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Мачаар нараар ахлуулсан “Дээд түвшний ажлын хэсэг”-ийг байгуулж, улсын хэмжээнд өвчний халдвартай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

Улмаар гуравдугаар сарын 24-ний өдрөөс олон улсын болон орон нутгийн бүх нислэг, агаарын харилцааг бүрэн зогсоож, бүх шатны их, дээд, дунд сургууль, хүнснээс бусад бараа, үйлчилгээний зах, дэлгүүр, төвүүд зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн тээврийн хөдөлгөөнийг хаасан. Дөрөвдүгээр сарын 9-нөөс орон даяар 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл бүх нийтийн хөл хорионы цаг тогтоож, хэрэгжилтэд нь цэрэг арми, цагдаагийн албаны хүчээр хяналт тавьж байна.

-Арга хэмжээ авснаар тархалт буурах, хумигдах хандлага байна уу?

-Засгийн газрын зүгээс дээр дурдсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин, орон байр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу зэрэг нь халдвар газар авахад нөлөөлсөөр байна. Дээр нь ард иргэдийн амьдрал туйлын ядуу, дотоодын тэмцэл, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, гэмт хэрэг, зөрчил ихтэй. Ард иргэдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа, мэдээ, мэдээлэл муу, зурагт, радио гэх мэт үндэсний томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бараг байхгүй. Иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөн ихтэй, хяналт сул, дүрвэгсдийн хуарангуудад олон тооны хүн нэг дор хэт ихээр бөөгнөрсөн, эрүүл ахуйн наад захын шаардлага хангалтгүй байна. Мөн олон эхнэртэй учраас гэр бүлийн гишүүдийн тоо их, амны хаалтны хүрэлцээгүй улмаас дийлэнх иргэд амны хаалт хэрэглэдэггүй. Дээрх асуудлуудаас болоод хүн амын дунд халдвар эрчимтэй тархаж байгаа.

-Халдварын анхны тохиолдлууд НҮБ-ын ажилтнууд байсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор энхийг дэмжих ажиллагааны дотоод зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

-Өвчний шинж тэмдэг илэрсэн эхний дөрвөн өвчтөн нь НҮБ-ын ажилтан, алба хаагчид байсан. Үүнээс үүдэн орон нутгийн иргэдийн дунд “НҮБ-ын ажилтнуудыг санаатайгаар манай улсад өвчин тараасан байна”, “ газраа НҮБ-ын ажилтнуудыг алъя”, “зэвсэг хэрэгслээ аваад гарцгаая” гэх зэргээр НҮБ-ыг шууд буруутгасан, бусдыг үймээн самуун, хүчирхийлэл, гэмт хэрэгт уруу татсан, турхирсан шинжтэй мэдээллүүд сошиал мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархаж эхэлсэн. Тиймээс НҮБ-ын дотоод аюулгүй байдлын албанаас Жуба хот дахь НҮБ-ын Томпинг, ЮН Хаус баазуудын орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн хааж, алба хаагчдыг орон байр, баазын байршлаас гадагш гарахгүй байж, хамгаалах хувцас, хэрэглэлээ байнга өмсч, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зөвлөмж өгч байсан.

UNMISS ажиллагааны удирдлагаас “COVID-19” өвчний тархалттай холбогдуулан НҮБ-ын нийт бие бүрэлдэхүүн, түүний бүх объектуудын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, цагийн байдалд уялдуулан олон тооны хязгаарлалт, үйл ажиллагааны дүрэм, журмуудыг баталж, алба хаагчдын ажлын чиг үүрэг, ажил үүргийн хуваарь, ажлын цагт өөрчлөлт оруулах гэх зэргээр НҮБ-ын ажилтан, алба хаагчдыг өвчин, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон тооны ажил, арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргасан шийдвэрийн дагуу БНӨСУ-д явуулж буй UNMISS ажиллагааны бүх дотоод, гадаадын нислэг, боловсон хүчний хөдөлгөөн, хангалт, ээлж солилцоо, томилгоо, сургалт, бусад нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар зогсоогоод байгаа.

-Ингэхэд UNMISS ажиллагаанд манай улсаас хэчнээн цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Одоогийн байдлаар манай улсаас цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэхишиг, цагдаагийн ахлагч П.Баянзул болон миний бие зэрэг таван алба хаагч UNMISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албанд Цагдаагийн зөвлөх албан тушаалд бие даан үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдаас гурав нь НҮБ-ын Цагдаагийг албаны төв штабт, хоёр нь Жуба муж дахь НҮБ-ын Цагдаагийн албанд томилогдон тус тусын албан тушаалд ажил, үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай алба хаагчид нийслэл Жуба хотод томилогдон хамтдаа нэг дороо үүрэг гүйцэтгэж байгаа нь нэг талаас бидэнд ажил, үүргээ гүйцэтгэхэд их дөхөмтэй байгаа.

-Манай улсаас үүрэг гүйцэтгэж буй бусад алба хаагчидтай холбоотой байдаг уу?

-Бид Монгол Улсын Батлан хамгаалах яамны шугамаар UNMISS ажиллагаанд ирж үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний мотобуудлагын батальон, түүний удирдлага, бусад бие даан үүрэг гүйцэтгэж байгаа штабын болон цэргийн холбогч офицер, ахлагч нартай ч байнгын холбоо харилцаатай байдаг.

-Та бүхний ажлын цагийн хуваарийг сонирхож болох уу?

-НҮБ-ын Цагдаагийн албаны ажлын онцлог гэвэл UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бусад энгийн, цэргийн байгууллагын алба хаагчдыг бодвол долоо хоногт амралтын өдөргүйгээр, ажлын долоон өдрөөр үүрэг гүйцэтгэж байгаа нь онцлог юм уу даа. Өдөр бүр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа учраас алба хаагчдаас тэсвэр, тэвчээр шаардахаас гадна дасгал сургууль хийх, хоол, хүнсээ цуглуулах, бэлдэх, хувцас хунараа угаах гэх зэргээр хувийн бэлтгэлээ хангаж, ажил, амралтаа зөв зохицуулж сурах шаардлага тулгардаг. Ажлын цагийн тухайд төв штабт ажиллаж байгаа алба хаагчид өдрийн найман цагаар, дүрвэгсдийн хуаранд ажиллаж байгаа алба хаагчид долоо хоног тутам гурван ээлжээр, өглөө 07:00-13:00, өдөр 13:00-18:00, орой 18:00-07:00 цагийн хооронд ажиллаж үүрэг гүйцэтгэж байна. Мөн НҮБ-аас UNMISS ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, “COVID-19” өвчний тархалтын явц байдал, ажлын шаардлга зэргийг харгалзан одоогийн байдлаар гурван алба хаагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг нэмж зургаан сараар сунгаад байгаа.И.Батчулуун: НҮБ-ын Цагдаагийн албанд манай таван алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж www.dnn.mn